Уншиж байна ...

Өмнөд Солонгос сарыг судлах олон улсын өрсөлдөөнд нэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн дагуул сарыг судлах олон улсын өрсөлдөөнд Өмнөд Солонгос улс нэгдлээ.

Пүрэв гарагт тус улсын сарны тойрог замд ажиллах сансрын станцыг тээвэрлэсэн SpaceX компанийн пуужин АНУ-ын Флорида мужийн нутаг дэвсгэрээс хөөрсөн байна.

Уг станц түлш шатахуунаа хэмнэхийн тулд урт тойруу замаар ниссээр энэ оны арванхоёрдугаар сард сарны ойролцоо хүрэх юм.

Одоогоор сарны тойрог замд АНУ, Энэтхэгийн хиймэл дагуулууд ажиллаж байгаа бол сарны дэлхийгээс алслагдсан гадарга дээр Хятадын робот станц ажиллаж байгаа юм.

Энэтхэг, Орос, Япон улсууд энэ оны сүүлээр болон ирэх онд багтаан шинэ хөлгүүдээ сар руу илгээхээр бэлдэж байна.

Эдгээрээс гадна NASA энэ сарын сүүлээр сарны пуужингаа анх удаа хөөргөх юм.

Өмнөд Солонгосын илгээсэн дөрвөлжин хэлбэртэй станц нь $180 саяын өртөгтэй, нарны эрчим хүчээр ажилладаг. Уг станц сарны гадаргаас 100 км өндөрт хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд ажиллах ба энэ хугацаанд сарны геологийн мэдээллийг цуглуулан дэлхий рүү дамжуулах юм.

Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын саран дээр газардах дараагийн станцын буух цэгийг тандан судлах зорилготой.

Энэ оны зургаадугаар сард тус улс багц хиймэл дагуулуудаа анх удаа өөрийн бүтээсэн пуужингаар сансарт хөөргөсөн юм.

Тавдугаар сард бас NASA-гийн тэргүүлдэг сарыг судлах олон улсын багт нэгдэн орсон байна.

Солонгос хэлээр Данури (“сар” ба “баясал” гэсэн хоёр үгний хослол) гэж нэрлэгдсэн хиймэл дагуулын станц зургаан ширхэг судалгааны багаж хэрэгслийг дотроо агуулжээ.

Дануригийн хийх туршилтуудын дотор сарны тойрог замд утасгүй интернэтийн сүлжээ үүсгэх ажил багтсан байна. Өөрөөр хэлбэл сарны орчим ажиллаж байгаа олон улсын станцууд уг сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой болно. Сүлжээгээ туршихдаа BTS хамтлагийн “Dynamite” хит дууг цацахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгос улс 2030 оны орчимд саран дээр судалгааны станцаа буулгах төлөвлөгөөтэй байна.

“Данури бол дөнгөж эхлэл. Бид цаашдаа сансрын аяллын технологийг хөгжүүлж, ойрын жилүүдэд Ангараг гараг болон сансрын бусад биетүүдэд хүрэх хэтийн зорилготой байна” гэж Солонгосын Сансрын Судалгааны Хүрээлэнгийн ерөнхийлөгч И Сан Рёл хиймэл дагуулыг хөөргөхийн өмнө хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.

 

Эх сурвалж: Associated Press