Уншиж байна ...

Шри-Ланкын засгийн газрын эсрэг тэмцлийн удирдагч Жозеф Сталинийг баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт Шри-Ланка улсын эрх баригчид тус улсын багш нарын холбооны нарийн бичгийн дарга Жозеф Сталинийг нийслэл Коломбо хот дахь ажлын байрнаас нь баривчилжээ.

Тэрбээр тавдугаар сарын 28-ны өдөр болсон засгийн газрын эсрэг иргэдийн томоохон жагсаалд оролцсоныхоо төлөө ийнхүү баривчлагдсан байна.

Эдийн засгийн гүн хямралд унасан Шри-Ланкын өмнөх ерөнхийлөгч Готабаяа Ражапакса өнгөрсөн сард эх орноосоо дүрвэж, ерөнхий сайд асан Ранил Викремесингх түүнийг залгамжилсан юм.

Сталин нь шинэ ерөнхийлөгчийн засаглал эхэлснээс хойш баривчлагдсан үйлдвэрчний эвлэлийн хамгийн том удирдагч болжээ.

Сонирхолтой нь Сталинийг баривчлах асуудал одоогоос яг нэг жилийн өмнө парламентын чуулган дээр яригдахад тухайн үед ерөнхий сайд байсан Викремесингх эсэргүүцэж байсан юм.

Хэрвээ үйлдвэрчний эвлэлийн нөлөө бүхий удирдагчийг баривчилбал “ноцтой үр дагавар” амсаж болзошгүйг тэр парламентын гишүүдэд анхааруулж байжээ.

Гэтэл өнөөдөр тэр энэ байр сууриа өөрчилсөн нь Шри-Ланкын иргэдийг бухимдуулаад байна.

“Хэрвээ Жозеф Сталин буруутай бол Викремесингх ч бас буруутай. Шинэ ерөнхийлөгч өмнөх ерөнхийлөгчөөс ялгаагүй этгээд болохоо харууллаа” гэж үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны удирдагчдын нэг Рави Кумудеш хэвлэлд ярьжээ.

Тэрбээр улс орноо эдийн засгийн хямралаас гаргах тодорхой төлөвлөгөөгүй Викремесингхийг “зохиомол хямрал үүсгэж, эрх мэдлээ хадгалахыг зорьж байна” хэмээн шүүмжилж байна.

Тавдугаар сард болсон бослого тэмцлийн дараа нийтийн өмчид халдаж, хохирол учруулсан хэргээр хэд хэдэн хүн баривчлагдсан юм.

Тухайн үед уурссан иргэд ерөнхийлөгчийн ордныг эзэлж, ерөнхий сайдын орон сууцыг галдан шатааж байв. Викремесингх долдугаар сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн үүрэгт ажилд орсныхоо дараа цэргийн хүчээр тэмцэгчдийг тарааж, толгойлогчдыг нь баривчлах ажиллагааг эхлүүлж байжээ.

 

Эх сурвалж: Aljazeera