Уншиж байна ...

Абэгийн аминд халдсаны дараа Эв Нэгдлийн сүмийн нөлөөнөөс гарах хүсэлтэй хүмүүсийн тоо Японд огцом нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мүүний шашин гэгддэг Эв нэгдлийн сүмийн хохирогчдод туслах сайн дурын байгууллага өчигдөр хийсэн мэдэгдэлдээ ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амь насанд халдсан хэргийн дараа тус байгууллагад хандах хүний тоо нэг сарын дотор 12 дахин өссөн тухай мэдээлжээ.

Долдугаар сард тус байгууллагад хандсан нийт 94 хүний ихэнх нь Мүүний шашнаас төрөл саднаа хэрхэн гаргаж авах талаар зөвлөгөө авсан байна. Мөн Эв Нэгдлийн сүмээс болоод мөнгө санхүүгийн хямралд орсон хүмүүс ч хууль эрх зүйн тусламж гуйжээ.

Тухайлбал гэр бүлийн хүн нь тус сүмд 500 сая иен ($3.73 сая) хандивласан тохиолдол хүртэл байгааг мэдээлсэн байна.

Тус байгууллагаас гадна 1987 онд байгуулагдсан Шашны Бизнестэй тэмцэх Хуульчдын Үндэсний Сүлжээ нэртэй холбоонд хандах хүний тоо сүүлийн нэг сарын хугацаанд огцом нэмэгдсэн гэнэ.

Тус холбоонд 2021 оны турш нийтдээ 47 зөвлөгөө авах хүсэлт ирж байсан бол долдугаар сарын 8-ны өдөр Абэ Шинзо алагдсаны дараа өдөрт 20-30 хүсэлт хүлээж авдаг болсон тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

1954 онд Өмнөд Солонгост байгуулагдсан Эв Нэгдлийн сүм нь тухайн үедээ коммунизмын эсрэг үзэл номлолоороо олон хүнийг байлдан дагуулж байжээ.

Абэ агсны аминд халдсан Тэцүяа Ямагами мөн Эв Нэгдлийн сүмийн хохирогч байсан юм. Түүний ээж сүмдээ их хэмжээний мөнгө хандивласнаас гэр бүл нь дампуурч байжээ.

Абэгийн өвөг эцэг, ерөнхий сайд агсан Нобүсүке Киши энэхүү шашны байгууллагын салбарыг Японд оруулж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгт Ямагами итгэдэг учраас аллага үйлдсэнээ мөрдлөгийн явцад мэдүүлээд байгаа.

 

Эх сурвалж: Kyodo News