Уншиж байна ...

Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

Э.Мөнхцэцэг
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Оросын шүүх АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчин Бриттни Грайнерт мансууруулах төрлийн бодис биедээ авч явсан хэргээр есөн жилийн хорих ял оноожээ.

Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тоглогчдын нэгт тооцогддог 31 настай Грайнер энэ оны хоёрдугаар сард Москвад ирээд баривчлагдсан юм.

Түүний гар тээшнээс каннабисын тос бүхий электрон тамхины цэнэглэгч илэрсэн нь баривчлах шалтгаан болж байжээ.

Грайнер ОХУ-д хууль бусад тооцогддог бодисыг авч явснаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ үүнийгээ санаатай үйлдэл биш, мэдээлэлгүй байснаас болсон гэж мэдүүлж байгаа.

Тэрбээр АНУ-ын сагсан бөмбөгийн лигийн завсарлагаар Оросын клубт тоглох зорилготой Москвад ирж байжээ.

Грайнерыг баривчлагдсаны дараахан Украины дайн эхэлж, түүний хэрэг АНУ-ОХУ-ын дипломат харилцааны асуудал болж өргөжсөн юм.

Москва хотын шүүх өчигдөр түүнийг мансууруулах төрлийн бодис хадгалсан, хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгаж, 9.5 жилийн ял оноожээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл хоригдсон хугацааг нь ялаас хасахаар болсон байна.

Грайнерын өмгөөлөгчдийн баг шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден шүүхийн шийдвэрийг “хүлээж авах боломжгүй шийтгэл” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын засаг захиргаа ялтан солилцох талаар ОХУ-ын талтай хэлэлцээ хийж байгаа. Грайнераас гадна Оросын шоронд хоригдож байгаа АНУ-ын иргэн Пол Вэланыг уг солилцоонд хамруулах санал тавьжээ.

Тэднийг одоо АНУ-ын шоронд хоригдож байгаа ОХУ-ын иргэн, “Үхлийн Наймаачин” хочтой галт зэвсгийн наймаачин Виктор Бутаар солих санал яригдаж байгаа.

Өчигдөр Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби тавьсан саналыг нь хүлээн зөвшөөрөхийг Оросын талд уриалжээ.

“Энэ бол маш чухал санал. Бид тэдэнд саналыг хүлээж авахыг уриалж байна. Долоо хоногийн өмнө бид саналыг анх тавихад л хүлээж авах боломжтой байсан юм” гэж тэр сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.

 

Эх сурвалж: BBC