Уншиж байна ...

Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдварын шинэ тохиолдол дэлхий дахинд 9 хувиар буурсан байна

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр сүүлийн долоо хоногийн хугацааны цар тахлын нөхцөл байдлын талаар тоо баримтыг зарлажээ.

Сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар халдварын 6.5 сая тохиолдол нэмэгдэж, 14,000 гаруй хүн нас барсан байна.

Халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоосоо 9 хувиар буурч, нас баралтын тоо тогтвортой байгааг мэдээлжээ.

Газар зүйн байрлалаар нь авч үзвэл халдварын шинэ тохиолдол Европ тивд 35 хувиар буурсан бол Номхон далайн баруун бүс нутагт 20 хувиар, Африк тивд 5 хувиар өссөн байна.

Нас баралт Европ тивд 25 орчим хувиар буурсан бол Номхон далайн баруун бүсэд 44 хувиар, Ойрх Дорнодод 26 хувиар тус тус өсжээ.

Гэхдээ дэлхийн улс орнууд цар тахлын хяналт, оношилгоо, хариу арга хэмжээгээ сулруулснаас сүүлийн үеийн тоо баримт бодит байдлаас зөрж байж болзошгүйг ДЭМБ анхааруулж байна.

2019 онд цар тахал хамгийн анх дэгдэж байсан Ухань хотод өнгөрсөн долоо хоногт халдварын дөрвөн шинэ тохиолдол илэрсний дараа тус хотод хөл хорио тогтоох арга хэмжээг Хятадын эрх баригчид авсан юм.

Хэдийгээр цар тахал эдийн засаг, нийгмийн амьдралд нь сөргөөр нөлөөлсөөр байгаа ч Бээжингийн эрх баригчид “Тэг Ковид” бодлогоо хатуу сахисаар байгаа.

Коронавирусийн Омикрон хувилбарын BA.5 болон BA.4 дэд хувилбарууд сүүлийн үед шинжилсэн тохиолдлуудын 64-70 хувийг эзэлж буйг ДЭМБ мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хамгийн олон халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн орнуудыг Япон, АНУ, Өмнөд Солонгос, Герман, Итали тэргүүлж байна.

Хамгийн олон эндэгдэл АНУ, Бразил, Итали, Япон, Австралид бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Associated Press