Уншиж байна ...

Чилийн цөлд үүссэн аварга том нүхийг судалж байна

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сарын 30-ны өдөр Чили улсын нутаг дэвсгэр, Атакамагийн цөлд гэнэт аварга том нүх үүссэн байна.

25 метр диаметртэй, 200 метр гүнзгий нүх ямар шалтгаанаар үүссэнийг судалж, тогтоох ажил эхэлжээ.

Тухайн газарт зэс олборлодог Канадын Lundin Mining компани анх энэ тухай мэдээлсэн байна.

“Нүхийг илрүүлмэгцээ бид тусгаарлаж, холбогдох албаныханд мэдэгдсэн. Манай хүн хүч, тоног төхөөрөмж, дэд бүтцэд нөлөөлөөгүй байна” гэж тус компани мэдээлжээ.

Lundin нүх үүссэн газрын ойролцоох Алкапарросагийн уурхайн гүний олборлолтыг түр зогсоож, газрын гадаргад өөрчлөлт гарч буй эсэхийг ажиглаж эхэлсэн байна.

АНУ-ын Геологийн Судалгааны Хүрээлэнгийн мэдээлснээр газрын гадарга дээр ийм нүх үүсэх янз бүрийн шалтгаан байдаг гэнэ. Ихэнхдээ гүний ус хад чулууг уусгасантай холбоотой ийм цөмрөх үзэгдэл ажиглагддаг байна.

Эх сурвалж: Reuters