Уншиж байна ...

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч ээлжийн амралтаа эдэлж буй тул Нэнси Пелоситой уулзахгүй, утсаар ярина

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелосигийн Ази тивд хийж буй айлчлал үргэлжилж байна.

Тэрбээр өчигдөр орой Тайванийн нийслэлээс Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод айлчлан иржээ.

Яг одоо Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл зуны амралтаа аваад байгаа тул АНУ-ын спикертэй уулзахгүй, харин Пүрэв гарагийн орой утсаар ярилцах тухай албаны эх сурвалж өнөөдөр мэдээлсэн байна.

Өчигдөр ерөнхийлөгчийг Сөүл дэх гэрээсээ Пелоситой уулзахаар ирнэ гэсэн яриа тараад байсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба “Юуны өмнө ерөнхийлөгчид спикертэй уулзах төлөвлөгөө байхгүй. Түүний амралтын хугацаа спикерийн айлчлалын хугацаатай давхцаж буй тул ингэх боломжгүй” гэж мэдэгджээ.

Пелоси өнөөдөр Өмнөд Солонгосын үндэсний ассамблейн спикер Ким Жин Пётой уулзах ба дараа нь эрх баригч болон сөрөг хүчний намуудын удирдлагуудтай уулзахаар болсон байна.

Тус улсын гадаад хэргийн сайд Пак Жин өчигдөр өглөө Камбожийн нийслэлд болох ASEAN-ий орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор явсан юм.

Тиймээс Нэнси Пелоси тус улсын гүйцэтгэх засаглалын гол удирдагчид болох ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд нартай уулзах боломжгүй болжээ.

Ажиглагчид үүний цаана Хятадтай харилцах харилцаагаа муутгахгүй байх зорилго нуугдаж байж болзошгүй гэж үзэж байна.

“Пелосигийн Азид хийж буй айлчлал бүс нутгийн ардчилсан улс орнуудыг Хятадын эсрэг нэгтгэх зорилготой. Тэр энд ирэхдээ Умард Солонгосын хүний эрхийн нөхцөл байдал, цаашлаад Хятадын асуудлыг хөндөх нь тодорхой. Энэ бол Ардчилсан Намын хувьд эмзэг сэдэв юм” гэж улс төр судлалын профессор Пак Вон Гон ярьжээ.

“Өмнө нь ийм айлчлал болсон бол ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд нарын аль нэг нь түүнтэй уулзахыг хичээх байлаа. Харин энэ удаа засгийн газар асуудлыг хэт улс төржүүлэх, Хятадтай дайсагналцахаас зайлсхийхээр шийдсэн болов уу гэж би бодож байна” гэж Ажоу Их сургуулийн Америк-Хятадын бодлогын хүрээлэнгийн захирал Ким Хюн Кю ярьжээ.

 

Эх сурвалж: Yonhap News, South China Morning Post