Уншиж байна ...

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нутаг буцна

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нутаг буцаж байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.

Тэрбээр манай улсад таван жил ажиллахдаа эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжин ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэх амаргүй ажилд Монгол Улсад олон улсын байгууллагуудын дэмжлэг туслалцааг зохицуулахад өндөр хувь нэмэр оруулж, 40 мянган хүний амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалсан танд талархал илэрхийлье гээд цар тахлыг хүндрэл багатай даван туулахад та бүхний оролцоо их байсан гэдгийг хэллээ.

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица “Амаргүй цаг хугацаанд та бид олон амжилтыг хамтдаа бүтээлээ. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн алсын хараатай ажиллаж ирсэнд баяр хүргэмээр байна. Таны тэргүүлсэн Засгийн газрын үед энэ ажлыг далайцтай хийж байгаа нь магтууштай. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тань бусад улс оронд үлгэр жишээ сайн туршлага болсон” гэв.

Өнгөрсөн онд түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

 

Эх сурвалж: ЗГХМОНХГ