Уншиж байна ...

Орос улс зөвхөн гадаадын иргэдэд барууны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд нээхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Украинд дайн өдөөсөн шалтгаанаар олон улсын эдийн засгийн хоригт орсон ОХУ ирэх намраас зөвхөн гадаадынханд үйлчилдэг дэлгүүр нээхээр төлөвлөжээ.

Хоригийн улмаас жирийн орос хүмүүст олдохоо байсан барууны үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг уг дэлгүүрүүдэд зарах юм байна.

Үйлчлүүлэгчид нь ОХУ дахь гадаад дипломатууд, олон улсын байгууллагын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэн байх ба бараа худалдаж авахдаа бичиг баримтаа шалгуулж, доллар, еврогоор төлөх ажээ.

Тусгай дэлгүүр байгуулах зохицуулалтын төсөл өчигдөр ОХУ-ын парламентын албан ёсны сонинд нийтлэгдсэн байна. Зарим хүмүүс үүнийг “Зөвлөлт Холбоот Улсын цаг үе рүү ухарсан хэрэг” хэмээн шүүмжилжээ.

Хаалттай нийгмийн үед зөвхөн гадаадынханд валютаар үйлчилдэг тусгай дэлгүүрүүд байсан юм.

Украины дайнтай холбоотойгоор Өрнөдийн компаниуд ОХУ-ын зах зээлээс гарснаар бараа бүтээгдэхүүний олдоц муудаад байгаа. Энэ долоо хоногт Шведийн H&M компани ОХУ-аас гарахынхаа өмнөх агуулах чөлөөлөх сүүлчийн худалдааг эхлүүлэхээр дэлгүүрүүдээ нээхэд худалдан авагчдын урт дараалал үүссэн байв.

Ирэх намраас нээгдэх тусгай дэлгүүрүүдийг ОХУ-ын гадаад хэргийн яамны дэргэд байгуулсан компани, сонгон шалгаруулалтаар тодорсон хувийн компанитай хамтран эзэмших юм байна.

Ийм дэлгүүрт архи дарс, тамхи, үнэт эдлэл, косметик, үнэртэн, амттан, ухаалаг гар утас, бугуйн цаг зэрэг гадаад брэндийн бүтээгдэхүүнүүд зарагдах гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian