Уншиж байна ...

Путинтэй уулзсан Германы экс канцлер Украинд энх тайван тогтоох боломж байгааг ярьжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Герман улсын канцлер асан Герхард Шредер

Герман улсын канцлер асан Герхард Шредер өнгөрсөн долоо хоногт Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан юм. Өчигдөр түүний ярилцлага Германы Stern сэтгүүлд нийтлэгджээ.

“Кремль Украинд энх тайван тогтоох яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа нь сайн мэдээ юм” гэж ярьсан Шредер хөрш орон руугаа халдан довтолсон нь ОХУ-ын алдаа байсныг бас хүлээн зөвшөөрсөн байна.

“Эхний амжилттай алхам бол үр тарианы экспортыг сэргээх гэрээ юм. Энэ нь цаашдаа алгуур өргөжсөөр гал зогсоох гэрээ болох боломжтой” гэж тэр хэлжээ.

Герхард Шредер бол Европын хамгийн том эдийн засагтай Герман улсыг 1998-2005 онд удирдаж байсан хүн юм. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчтэй ойр харилцаатай, улс төрөөс гарсныхаа дараа Оросын төрийн өмчит компанийн удирдах зөвлөлд өндөр цалин хангамжтай суудал эзэлж байсан.

Энэ хэлхээ холбооныхоо улмаас Шредер байнга шүүмжлүүлдэг юм.

Ярилцлагадаа Шредер гал зогсоох хувилбар дэвшүүлсэн нь үндсэндээ Москвагийн эрх баригчдын тавьж буй шаардлагыг дамжуулсан хэрэг байв.

Тухайлбал тэр Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэснийг Украин хүлээн зөвшөөрөх, Донбассын бүс нутаг Украины харьяанд үлдэх ч орос хэлтэй хүн амын тусгай эрхийг хангах хэрэгтэйг ярьжээ.

Бас Украин улс НАТО-д элсэхгүй гэсэн амлалт хэрэгтэйг тэр хэлсэн байна.

Крымийн асуудлыг урт хугацаанд шийдэх боломжтойг Шредер хэлжээ. “Хонконг шиг 99 жилийн дараа биш юмаа гэхэд хойч үеийнхэн шийдэл олох байх” гэж тэр хэлсэн байна.

Өчигдөр ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд хэрвээ АНУ тус улсыг “терроризмыг дэмжигч орон” ангилалд оруулбал Вашингтонтой дипломат харилцаагаа таслахыг анхааруулжээ.

“Ийм алхам хийсний дараа гарах логик үр дүн бол дипломат харилцаагаа таслах юм. Эргэж буцах боломжгүй шугамыг давах эрсдэл энд яригдаж байна. Ямар үр дагавартайг Вашингтон сайн ойлгож байгаа гэдэгт найдаж байна” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сенат ОХУ-ыг “терроризмыг дэмжигч орон” жагсаалтад оруулахыг төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд уриалсан тогтоолыг хэлэлцэж, дэмжсэн юм.

Харин Блинкен ийм алхам хийхээс татгалзаж, одоогийн хориг арга хэмжээнүүд ялгаагүй үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өчигдөр бас ОХУ-ын батлан хамгаалах яам АНУ-ыг зөвхөн зэвсэг Украинд нийлүүлээд зогсохгүй, цохилтын байг Украинд мэдээлэх замаар дайнд “шууд оролцож байна” хэмээн буруутгасан юм.

Энэ талаар Пентагон болон Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна. Харин АНУ-аас Украинд илгээсэн HIMARS пуужингийн артиллерын системээс зургааг устгасан гэх Оросын талын мэдэгдлийг Пентагон эрс няцаажээ.

 

Эх сурвалж: Associated Press