Энэ долоо хоногт АНУ-ын конгрессын төлөөлөгчийн танхимын спикер Нэнси Пелоси урьдчилан зарлалгүйгээр Тайваньд айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдлуудын нэг байв.
Нисэх онгоцнуудын замыг бодит цагийн горимд онлайнаар үзүүлдэг Шведийн Flightradar24 сайт Мягмар гарагт түүхэндээ үзээгүй их ачаалалтай байж, техникийн багтаамж нь дүүрсэн байна.
Пелосигийн SPAR19 аяллын дугаартай нисэх онгоцны замыг Мягмар гарагийн орой нэг зэрэг 708,000 гаруй хүн ажиглажээ.
Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Тайванийн нийслэл Тайпэй хүртэл долоон цагийн хугацаанд нисэхэд нийтдээ 2.92 сая хүн ажигласан байна. Энэ бол тус сайтын хувьд түүхэн дээд үзүүлэлт юм.
Спикерийн онгоц олон улсын маргаантай Өмнөд Хятадын Тэнгисийг тойрч, Индонез, Филиппиний газар нутаг дээгүүр ниссэнийг Flightradar24-ийн мэдээллээс харж болохоор байгаа юм.
Тайваньд саатсаныхаа дараа Пелоси Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийг зорьжээ.
Пелосигийн айлчлалыг эсэргүүцсэн Хятадын засгийн газар Тайванийн хоолойд цэргийн томоохон сургуулилалт эхэлж байгаа. Тайванийн засгийн газар нислэгүүдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс Япон, Филиппин улсуудтай агаарын шинэ зам нээх тухай хэлэлцэж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters