Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нэнси Пелоси сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хятадын эрх баригчдын удаа дараагийн анхааруулгыг үл тоон АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси өчигдөр орой Тайванийн нийслэл Тайпэй хотод газардлаа.

Тэрбээр Азийн дөрвөн улсаар хийх айлчлалаа Ням гарагт эхлүүлсэн ч Тайваньд газардах төлөвлөгөөгөө нууцалж байсан юм.

Бээжингийн эрх баригчид Пелосигийн айлчлалын өмнө Хятадын арми зүгээр суухгүй хэмээн анхааруулж байв.

Спикерийг газардсаных нь дараа Хятадын засгийн газар Тайванийн хоолойд томоохон цэргийн сургуулилалт зохион байгуулахаа мэдэгдсэн байна.

Пелоси твиттер хуудсандаа айлчлалынхаа зорилгыг “Манай төлөөлөгчдийн айлчлал Тайванийн эрч хүчтэй ардчиллыг АНУ тууштай дэмжиж буйн илрэл юм. Бид түншээ хэрхэн дэмжих болон нэгдсэн ашиг сонирхлоо хэрхэн хамгаалах талаар Тайванийн удирдлагуудтай хэлэлцэнэ. Үүнд эрх чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон Далайн бүс нутгийг хөгжүүлэх асуудал багтаж байна” гэж бичжээ.

Нэнси Пелоси бол АНУ-ын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарын дараа эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан юм. Хамгийн сүүлд 1997 онд спикер асан Ньют Гингрич тусгаар тогтносон аралд айлчилж байжээ.

АНУ-ын засаг захиргаа 1979 онд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон ч Тайвань арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ тус арал дээр тогтсон ардчилсан засаглалыг батлан хамгаалахад туслахаа байнга илэрхийлж, зэвсэг техник нийлүүлдэг.

1949 онд Хятадын иргэний дайн дууссаны дараа эх газрын хөрөнгөтнүүд Тайвань аралд тусгаар тогтнолоо зарлаж байв. Бээжин тус арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд ирээдүйд зэвсгийн хүчээр нэгтгэх боломжийг үгүйсгэдэггүй.

АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Пелосигийн айлчлал “тохиромжгүй цаг үед болж” буйг хүлээн зөвшөөрсөн ч гүйцэтгэх засаглалын тэргүүн хууль тогтоох байгууллагын тэргүүний айлчлалд саад хийх боломжгүйг тайлбарласан юм. Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд “Нэг Хятад”  бодлогыг тууштай сахихаа Байдены засаг захиргаа илэрхийлж байв.

Пелоси энэ оны дөрөвдүгээр сард Украины нийслэл Киев хотод айлчлахдаа бас Тайваньд айлчлах төлөвлөгөөтэй байсан юм. Гэвч коронавирусийн халдвар авснаас түүний төлөвлөгөө хойшлогдож байжээ.

Нэнси Пелоси нь Хятадын Коммунист Намыг хүчтэй шүүмжлэгчдийн нэг юм.

1991 онд тэр конгрессын гишүүн байхдаа өөр хоёр гишүүний хамт Бээжин хотын Тяньаньмэний талбайд зочлох үеэрээ 1989 оны харгислалын хохирогч болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн агуулгатай уриаг дэлгээд цагдаа нарт хураалгаж байжээ.

Өчигдөр спикерийн автомашины цувааг үзэхээр олон зуун хүн Тайпэй хотын гудамжинд цугларч, тус хотын хамгийн өндөр цамхаг Тайпэй 101 түүнд зориулсан мэндчилгээг гэрлээр дүрсэлсэн байв.

Эх сурвалж: Reuters