Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нэр бүхий иргэн Жаргалантын ам орчимд урхи, хавх тавьж тарвага агнасан нь тогтоогдсон

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Богдхан уулын дархан цаазат газарт тарвага агнасан хэргийг илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Дархан цаазат ууланд тарвага агнасан талаарх мэдээлэл долдугаар сарын 26-нд цахим орчинд нийтлэгдсэн байдаг. Мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа зохион байгуулсан.

Хан-Уул дүүрэгт оршин суух 42 настай эрэгтэй Б гэгч нь Богдхан уулын Жаргалантын ам орчимд тарваганы нүхэнд урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнасныг илрүүллээ. Улмаар урхи тавихад ашигладаг төмөр утас, гар хийцийн ТОЗ-8 маркийн буу зэргийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хууль бусаар ан агнахгүй байх, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна. Монгол Улсын Эрүүгийн хуульд хууль бусаар ан агнахгүй байхыг заасан байдаг" хэмээн хэллээ. 

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл, Хууль бусаар ан агнах

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ