Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн дээд амжилт тогтоох, Монголыг олон улсад сурталчлах зорилготой Гийдо Кунзегийн дугуйт аялал маргааш эхэлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн, уулын алдарч дугуйчин Гийдо Кунзе(Guido Kunze) Монгол Улсын баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйтай аялахаар өнөөдөр ирлээ.

Түүний аялал маргааш эхлэх юм. Аяллын зорилго нь Монголд дугуйтай аялах боломжийг олон улсад сурталчлахаас гадна өдөрт 350-400 км замыг 20 цаг тасралтгүй дугуйгаар явж, Гиннесийн дээд амжилтыг тогтоохоор төлөвлөсөн байна. Мөн аяллаар баримтат кино хийхээр болжээ.

Гийдо Кунзе "Аяллаараа баримтат кино бүтээж, Монгол Улсыг дэлхийд сурталчилж, гэр бүлээрээ аялахыг уриалах юм. Мөн өргөн уудам газар нутагтай Монголоор дугуйтай аялах боломжтойг үзүүлэхийг хүссэн. Дугуйгаараа аялж, дэлхийд дээд амжилт тогтоомоор байна. Хэрэв би дээд амжилтыг тогтоовол түүнийг даван гарах хүсэлтэй хүмүүс ирж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулах байх гэж бодож байгаа.

Аяллыг маань дэмжиж, хамтарч ажиллаж буй энэ олон хүнд маш их талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр Германы Хадгаламж банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Лох, УИХ-ын гишүүн, Герман-Монголын Парламентын бүлгийн гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва нар нэг жилийн өмнөөс бэлджээ. Төслийн хугацаанд цугларах санхүүжилтийг хөдөө орон нутгийн хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй үзэн, эмчилдэг “Мишээл хүүхдийн сан”-д хандивлахаар төлөвлөсөн аж.

Ташрамд дурдахад, Гийдо Кунзе нь Австралийг дугуйтайгаар хамгийн бага хугацаанд туулсан, Цагаан хэрэм дээр дугуй явсан цор ганц хүн юм.

Аяллыг зохион байгуулахад Зам, тээврийн хөгжлийн яам хамтарч буй бөгөөд дугуйчин Гийдо Кунзетэй замд таарсан жолооч нар, иргэдийг түүнд амжилт хүсэж, урам өгөх, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав