Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Украины арми өчигдөр АНУ-аас дөрвөн ширхэг HIMARS хүлээж авчээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-д үйлдвэрлэсэн HIMARS (High Mobility Artillery Rocket System) пуужингийн артиллерын системээс дөрвөн ширхгийг хүлээж авснаа Украины батлан хамгаалахын сайд Олексий Резников өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр тус улсын арми 16 ийм зэвсэгтэй болж байна.

“Бид энэ зэвсгийн ухаалаг оператор болохоо батлан харуулж байгаа. HIMARS-ийн пуужингийн шунгинах чимээ фронтын шугам дээр энэ зуны хит болж байна” гэж Резников твиттер хуудсандаа бичжээ.

80 хүртэл километрийн зайнаас өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай HIMARS-ийг Орос-Украины дайны хүчний харьцааг өөрчлөх нөлөөтэй зэвсэг гэж мэргэжилтнүүд үздэг.

Анхны HIMARS зургаадугаар сарын сүүлээр Украинд ирж байв.

Тэр үеэс хойш Украины арми эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх Оросын зэвсгийн агуулах, командын төв, ложистикийн дэд бүтэц зэрэг чухал байгууламжуудыг хэдэн арваар нь устгаснаа мэдээлж байгаа.

Харин Оросын зэвсэгт хүчин хэд хэдэн HIMARS-ийг устгаж чадсанаа мэдээлдэг. Гэхдээ өнгөрсөн сарын сүүлээр АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын тал ганц ч HIMARS устгаагүй байгааг баталсан юм.

 

Эх сурвалж: Reuters