Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчид нь эсэргүүцсэний дараа Инстаграм зарим өөрчлөлтөө буцаалаа

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Инстаграм саяхан хэд хэдэн шинэчлэлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн юм.

Гэвч шинэ өөрчлөлт олон хэрэглэгчдийг нь бухимдуулж, Ким Кардашян, Кайли Женнер зэрэг алдартнуудын эсэргүүцэлтэй тулгарсан тул буцаахаар болсноо өчигдөр зарлажээ.

Үнэнч хэрэглэгчид нь Инстаграмын шинэчлэлтийг ТикТокыг хэт дуурайх гэсэн оролдлого хэмээн шүүмжилж байв.

Тухайлбал постуудыг дэлгэц дүүргэн харуулж, дагаагүй хуудасны нийтлэлүүдийг хэрэглэгчдэд хүчээр харуулдаг болгосон зэрэг өөрчлөлтүүдийг буцаасан байна.

“Эрсдэлтэй, зоригтой алхам хийж, бүтэлгүйдсэндээ би харамсдаггүй. Гэхдээ энэ удаа бид хийсэн алхмаасаа ухарч, дахин бодох хэрэгтэй боллоо. Эндээс бид маш их зүйл сурч, илүү дээр шинэ санаа олох болно” гэж Инстаграмын захирал Адам Моссери хэвлэлд ярьжээ.

Тус платформын нэг тэрбум гаруй хэрэглэгчдийн төлөөлөл энэ долоо хоногийн эхээр өөрчлөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөн эхлүүлсэн юм.

Уг хөдөлгөөнд 361 сая дагагчийнхаа тоогоор гуравдугаарт бичигддэг Кайли Женнер, 326 сая дагагчаараа долдугаарт бичигддэг түүний эгч Ким Кардашян нар нэгджээ.

Тэд “Инстаграмыг дахин Инстаграм болгоё”, “Би зүгээр л найзуудынхаа хөөрхөн зургуудыг үзмээр байна. Тиктокыг дуурайхаа боль” гэх мэт уриатай мэмийг тарааж байв.

Сүүлд зах зээлд нэвтэрсэн ТикТок одоо нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй болж, бусад сошиал платформуудтай хүчтэй өрсөлдөх болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Инстаграмын нэвтрүүлсэн шинэчлэлтийн дараа тус платформд нийтлэгдсэн дүрс бичлэг бүр “Reels” гэх ТикТок маягийн хэсэгт нийтлэгдэх болсон байна.

Инстаграмын аппликэйшны “Reels” хэсэгт хэрэглэгчдийн зарцуулдаг хугацаа 30 хувиар нэмэгдсэн тухай Лхагва гарагт Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг мэдээлж байсан юм.

Тухайн өдөр Мета энэ оны хоёрдугаар улирлынхаа тайланг хөрөнгө оруулагчдад танилцуулсан. Энэ оны дөрвөөс зургаадугаар сарын хугацаанд тус компанийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад түүхэндээ анх удаа буурсан үр дүнтэй ажиллажээ. Үүнд макро эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж Закербэрг тайлбарласан юм.

 

Эх сурвалж: The Guardian