Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас түүхийг зөвшөөрдөг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111.2 сая шоо метр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг.

Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хооронд түүхийг зөвшөөрдөг.

Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь ойн ангиуд нь тухайн бүс нутаг, хариуцсан сумдынхаа хушин ойд самрын ургацын судалгааг хийж байгаа аж.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах болон хориглох тухай шийдвэрийг тухайн оны есдүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргадаг. Ингэхдээ сум орон нутгийг хариуцан ажиллаж буй Ойн анги нь хуш модны самрын ургацын байдлыг судлан тогтоож мэдээ, дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Ойн судалгаа, хөгжлийн төвд тухайн оны наймдугаар сарын 1-ний дотор ирүүлснийг үндэслэн шийдвэрлэнэ.

Хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж ашиглах тухай шийдвэр гарсны дараагаар тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь орон нутагтаа ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг тогтооно хэмээн БОАЖЯ-наас мэдээллээ.