Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн Банкны хэрэгт холбоотойгоор 61 иргэний 664 үл хөдлөх, 763 тээврийн хэрэгсэл, 104 данс, 25 ААН-ийн хувьцааг хязгаарласан"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Прокурорын газраас 2022 оны эхний хагас жилд хяналт тавьж ажилласан хэргүүдийн тоон мэдээллийг тус газрын орлогч прокурор Ч.Энхжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны эхний хагас жилд мөрдөх байгууллагад ирүүлсэн 755 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласан. Үүний 45 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол 5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тоон мэдээ байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлттэй байна” хэмээн товч мэдээлэв.

Үргэлжлүүлэн “Эхний хагас жилд Хөгжлийн Банкны албан тушаалтнууд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж ААН-үүдэд давуу байдал олгосны улмаас тус банканд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэг дээр Нийслэлийн Прокурорын газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүнд Авлигатай Тэмцэх Газраас болон Нийслэлийн Прокурорын газраас тус тус ажлыг хэсэг гарч ажиллаж байгаа.

Мөрдөн байцаалт явуулж буй дөрвөн хэрэгт улс төрд нөлөө бүхий таван хүн, Хөгжлийн Банкны болон бусад төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан 51, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 24 гээд нийт 80 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Мөн Хөгжлийн Банкны албан тушаалтан, аж ахуйн нэгжийн найман хүнийг цагдан хорьсон. Гэвч шүүхийн захирамжаар цагдан хоригдогч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн.

Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 80 хүнээс 30 хүнд нь хувийн баталгаа гаргах, 48 нь хүнд нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна.

Хөгжлийн Банкнаас 70 аж ахуйн нэгжид нийт 2.3 их наяд төгрөгийн зээл олгосон байж болзошгүй гэдэг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 481.8 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөд байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, улсад хохирсон хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 47 аж ахуйн нэгж, тэдгээрийн хувьцаа эзэмшигч болон Хөгжлийн Банкны албан тушаалтан нийт 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах, хадгалах данс болон 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан" гэлээ.