Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Байгалийн нөөц ашигласны төлбөр ₮149.9 тэрбумыг ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулаагүй аймгийн удирдлагыг АТГ-т шалгуулна"

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд хэрэгжүүлж буй ажлын талаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.

"Ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудлыг ҮАБЗ-өөр оруулна"

Тэрбээр "Хортон шавж устгахаар хор цацаад байгаа ч яагаад үр дүн гарахгүй байгаа тухай асуудал яригдаж байна.

Хортон шавж бол өөрөө амьд амьтан. Тэр утгаараа ерөнхий өөрийн төрлөөсөө шалтгаалаад зарим нь 15 хоногоос нэг сарын хугацаанд амьдрах чадвартай байдаг. Тиймээс хор цацсанаас хойш 21 хоногоос нэг сар орчмын хугацаанд тодорхой хэмжээнд сэргэлтүүд хийгддэг.

Мөн олон нийтийн сүлжээнд уг ажилд төсөвлөгдсөн хоёр тэрбум төгрөгийн зардал дээр 50 сая орчим төгрөгийн ПИ АР сурталчилгааны төсөв нэмж оруулан батлуулсан гэх мэдээлэл явж байна. Энэ нь ор үндэсгүй, ташаа мэдээлэл гэдгийг хэлье.

Бид өнөөдөр хортон шавжтай тэмцэхэд яаж нэг ч гэсэн хорын мөнгийг хүргэх вэ гэдэг дээр чармайж байна. Түүнээс биш үүнийг сурталчлаад байх шаардлага байхгүй.

Ер нь хортон шавжийн хор цацахад хамгийн өндөр гардаг зардал нь онгоцны түрээс байдаг. Нийт хоёр тэрбум орчим төгрөгийн 650 сая төгрөг нь зөвхөн онгоцны түрээст зарцуулагдахаар байна.

Иймд цаашид Онцгой байдлыг түшиглэсэн онгоцтой болох ёстой юу эсвэл хувийн аж ахуйн нэгжүүд онгоцны түрээс, зардлын мөнгийг бага байлгаж, хамтран ажиллах ёстой юу гэдэг дээр ажиллаж байна.

Бид Рио Тинто компанитай 2026 он хүртэл ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг санхүүжүүлэх болон уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарлын эсрэг хүрээнд санамж бичиг байгуулаад явж байгаа. Энэ санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлыг ирэх намар, амжихгүй бол 2023 оны хавраас үе шаттай эхлүүлнэ.

Мөн бид уг асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газартай уулзалт хийсэн. Уулзалтын үеэр шаардлагатай тохиолдолд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ялангуяа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудлыг оруулахаар ярьсан.

Ингэхдээ хор цацах онгоцтой холбоотой асуудлууд, тендер сонгон шалгаруулалтаас болж хугацаа алддаг асуудлуудыг шийдэх, 2023 оны улсын төсөвт ойн хөнөөлт шавжтай тэмцэх хөрөнгийг арай ахиу тавьж өгөх зэргийг ҮАБЗ-д оруулна" гэв.

"Байгалийн нөөц ашигласны төлбөрийг аймгууд зориулалтын бусаар зарцуулсан"

Үргэлжлүүлэн "Түүнээс гадна Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хүрээнд 2021 онд нийт 149.9 тэрбум төгрөг аймгууд дээр төвлөрсөн байна. Аймгууд уг нь хуулийн хүрээнд энэ мөнгөнөөсөө ойн хөнөөлт шавжтай тэмцэх зардлыг санхүүжүүлэх ёстой.

Энэ утгаараа БОАЖЯ-нд улсын төсөвт тусгайлсан байдлаар хөрөнгө тавигддаггүй бөгөөд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар орж ирсэн мөнгийг иргэн байгаль орчныг хамгаалах, хөнөөлт шавжтай тэмцэх байдлаар гарга гэдэг. Гэвч аймгууд энэ мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудлууд үүсэж байгаа.

Тухайлбал,  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар иргэн байгаль орчныг хамгаалах, хөнөөлт шавжтай тэмцэхэд нэг ч төгрөг зарцуулаагүй буюу хуулийн хэрэгжилт 0 хувьтай байгаа. Энэ асуудалд тодорхой хэмжээний хяналт шалгалтын үйл ажиллагаа хийгдэнэ гэдгийг албан ёсоор хэлье.

БОАЖ-ын сайдын хувьд бүх аймагт 2021 онд төвлөрсөн Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагааг санхүүжүүл гэсэн албан даалгаврыг өгсөн. Үүний хэрэгжилтийг мөрдөөгүй, төсөв мөнгө байхгүй гэсэн шалтгаан ирүүлбэл бид холбогдох албан тушаалтныг Авлигатай Тэмцэх Газарт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, төсөв хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж шалгуулан, арга хэмжээг авна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/601266701305842