Уншиж байна ...

Украины арми Беларусийн цэргийн байгууламжууд руу довтолсныг Лукашенко анх удаа мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Беларусь улсын тусгаар тогтнолын баярын арга хэмжээний үеэр тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко нэгэн анхаарал татсан мэдэгдэл хийжээ.

Хэдхэн хоногийн өмнө Украины арми Беларусийн цэргийн байгууламжууд руу халдсан тухай тэр өчигдөр анх удаа мэдээлсэн байна.

“Биднийг өдөөн хатгасан. Гурван өдрийн өмнө Беларусийн газар нутаг дахь цэргийн байгууламжууд руу Украины талаас халдсан. Би энэ тухай эрт хэлэх ёстой байсан байж магадгүй. Бурхны авралаар Панцирь агаарын довтолгооноос хамгаалах систем Украины армийн харвасан бүх пуужинг замд нь устгаж чадлаа” гэж Лукашенко ярьсныг БелТА агентлаг мэдээлжээ.

Лукашенко бас энэ үеэр Украины нутагт Беларусийн ачаа тээврийн жолооч нар олноор саатуулагдаж, хоёр нь алагдсан тухай ярьсан байна.

“Тэднийг Оросын бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн гэж мэдэгдэж байгаа. Буудуулж алагдсаныг нь нуухын тулд хохирогсдын цогцсоос эд эрхтнийг нь салгаж авсан байна. Гэхдээ манай хүмүүс юу болсныг тогтоож чадсан. Үүнийг үндсэрхэг үзэл гэх үү? Нацизм гэх үү? Фашизм гэвэл зохино” гэж Лукашенко ярьжээ.

Түүний санаачилгаар жил бүрийн долдугаар сарын 3-ны өдрийг Беларусь улс тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэдэг болсон. 1944 оны энэ өдөр Зөвлөлтийн арми Беларусийн нийслэл Минск хотыг Нацист Германы эзлэн түрэмгийллээс чөлөөлж байжээ.

Баасан гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэн арга хэмжээний үеэр Украины дайнтай холбоотой Өрнөдийн эдийн засгийн хориг Орос, Беларусь хоёр улсын нэгдэх үйл явцыг улам түргэсгэж байгааг хэлсэн байна.

Хоёр улс 1997 онд нэгдсэн улсын бүтцэд шилжих гэрээг анх байгуулж байсан ч өнгөрсөн хугацаанд тодорхой ахиц дэвшил гараагүй юм.

 

Эх сурвалж: ТАСС, Aljazeera