Уншиж байна ...

Зогсоолд машинаа тавиад дөрвөн цаг болсноос хойш цаг тутамд 4,500 төгрөгийн төлбөр авах тогтоолын төслийг НИТХ дэмжжээ

Н.Урантулга, iKon.mn
2022 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв.

Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм.

Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг.

Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ.  Тиймээс иргэд сул зогсоол хайж үргүй зорчилт хийх, зориулалтын бус газарт авто машинаа байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэргээр ачааллыг үүсгэдэг.

Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн мөнгөөр бус авто тээврийн хэрэгсэл хэрэглэгчдийн төлсөн татвараар авто замын сүлжээний өргөтгөл, шинэтгэл, засвар үйлчилгээ, бусад үйлчилгээг санхүүжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн танилцууллаа. 

Иймээс зогсоолын төлбөрийн доод хэмжээг дараах байдлаар шинэчлэн тогтоох саналыг танилцуулав. 

Цаг 

0-1 цаг /Эхний 15 минут үнэгүй/

2 дахь цаг 

3 дахь цаг 

4 дэх цаг

4 дэх цагаас хойш 

Үнэ тариф ₮ 

 1,000

1,500

2,000

4,500

Цаг тутам 4,500

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг дүгнэлтээ танилцуулсан. Тус намын бүлэг энэхүү саналыг дэмжиж байгаа бөгөөд гагцхүү зогсоол ашигласны доод хэмжээний дүнг анхааралдаа авч, нухацтай хэлэлцэхийг тодотгосон юм. 

Харин Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Пүрэвдаваа автомашинаа хотын захын зогсоолд үлдээн нийтийн тээврээр төв рүү орж ирсэн ч адил хэмжээний зогсоолын төлбөр төлөх нөхцөл бүрдүүлэхгүйн үүднээс бүсчилсэн зохицуулалт хийх саналыг гаргав. Мөн автомашинаас татгалзсан иргэдэд унадаг дугуй, мотоцикл унах, явган алхах боломжийг хэрхэн олгох талаар тодруулав.  

Засаг даргын орлогч Б.Одсүрэн энэхүү асуултад хариулахдаа “Байршлаар зарим зогсоолыг төлбөргүй болгох зэрэг нарийвчилсан заалтуудыг Засаг дарга журмаар тогтооно” гэлээ. Мөн төлөөлөгчид саналаа хэлж, тогтоолын төслийг дэмжлээ. 

 


Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ