Уншиж байна ...

Оросын зэвсэгт хүчин Могойт арлаас ухарсныхаа дараа фосфорын бөмбөг хаяж, Одесса хот руу пуужин харважээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Хар тэнгисийн Могойт арлыг Оросын зэвсэгт хүчин орхин явж, Украины хяналтад шилжсэн билээ.

Үүнийгээ ОХУ-ын батлан хамгаалах яам Украины үр тарианы экспортын замд саад хийхгүйн тулд буюу сайн санааны үүднээс гаргасан шийдвэр гэж тайлбарлаж байв.

Өөрийнх нь их буу, пуужингийн хүчтэй цохилтын үр дүнд Оросын цэрэг арлыг орхиж ухрахаас өөр аргагүй болсон гэж Украины тал үүнийг тайлбарласан юм.

Тэгвэл ухарсныхаа маргааш Оросын арми Могойт арал дээр фосфорын бөмбөг хаясныг Украины арми өчигдөр мэдээлжээ.

“Өнөөдөр 18:00 цагийн орчимд Оросын Су-30 нисэх онгоцнууд Змеиный арал дээр хоёр удаа фосфорын бөмбөг хаялаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Тэнгэрт цагаан өнгийн утаа үлдээдэг фосфорын бөмбөг нь галдан шатаах зориулалттай юм. Уг зэвсгийг иргэний байгууламжуудад ашиглахыг олон улсын хэмжээнд хориглодог.

Украины дайн эхэлснээс хойш фосфорын бөмбөгийг иргэдийн эсрэг хэд хэдэн удаа хэрэглэсэнд Киевийн эрх баригчид Оросыг буруутгаж байв. Харин Москва үүнийг няцаасаар байгаа.

Могойт арлаас ухарсныхаа дараа Оросын арми өчигдөр бас Хар тэнгисийн хамгийн том боомт Одесса хот руу пуужин харважээ.

зураг
 

Шөнө дунд харвасан пуужингийн цохилтод Одесса хотын есөн давхар орон сууцны барилга өртсөний улмаас 21 хүн амь үрэгдсэн байна.

Тэдний дунд 12 настай хүү байжээ. Нуранги дундаас 41 хүнийг аварснаа хотын захиргаа мэдээлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын зэвсэгт хүчин иргэний байгууламжуудад халддаггүйг баталсан ерөнхийлөгчийнхөө үгийг би та бүхэнд дахин сануулъя” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Пуужингийн цохилтод орон сууцны барилга өртсөнийг тэр ийнхүү няцаасан байна.

Могойт арал нь Одесса хотын эргээс холгүй оршдог бөгөөд Украины экспортын гол усан замыг хянах чухал ач холбогдолтой байрлал юм.

 

Эх сурвалж: AFP