Уншиж байна ...

Казах үндэстний агуу удирдагч, их багш

ikon.mn
2022 оны 7 сарын 2
iKon.MN
зураг
 

Казахын түүхийн ХХ зууны эхэн үеийн он жилүүд асар их өөрчлөлт, зөрчил тэмцэл, шинэчлэл, дэвшлийг агуулсан цаг хугацаа байв. Тухайн үед үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнол, сэргэн мандалт, хөгжил цэцэглэлийн төлөөх тэмцлийн дундаас тодрон гарсан гарамгай хүн бол Ахмет Байтурсынулы байлаа.

Үндэсний эрх ашгийн төлөө амь, амьдралаа үл хайрлан зүтгэж, үндэстний хувьсгалыг оюун санааны талаас манлайлж ачааны хүндийг үүрсэн түүний нэр алдар нь казах үндэстний хувьд дээд ариун шүтээн болсон юм.

Тэрбээр 20 дугаар зууны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг, Алаш намыг байгуулсан нийгэм төрийн гарамгай зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зохиолч-яруу найрагч, хэл-утга зохиол судлаач, сурган хүмүүжүүлэгч, нэрт нийтлэлч, орчуулагч, түрэг судлаач, шинэ үндэсний бичгийг зохиосон шинэчлэгч хүн юм.

Амьдрал, улс төрийн үйл ажиллагаа

Ахмет Байтурсынулы 1872 онд тэр үеийн Торгай мужийн Тосын хошуунд (одоогийн Хостанай мужийн Жангелди район) харц ардын гэр бүлд мэндэлжээ. Хошууны сургуульд бага боловсрол эзэмшиж, 1886-1891 онд Торгай хотын орос-казах мэргэжлийн дунд сургуулийг, 1891-1895 онд Оренбург хотод  Казахын нэрт сурган хүмүүжүүлэгч Ыбырай Алтынсарины үүсгэн байгуулсан Багшийн сургуульд суралцаж төгсөж, 1895-1909 онд Ахтөбе, Хостанай хошууны сургуульд багш, Хархаралы хотын мэргэжлийн сургуулийн захирал зэрэг ажил эрхэлж байв.

1905 оноос улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, “Хархаралын өргөх бичиг” хэмээх алдарт баримт бичгийг журмын нөхөдтэй хамтран боловсруулж Оросын Цагаан хааны амбан захирагчид гардуулж өгөв. Энэхүү өргөх бичигт орон нутгийн өөрийн удирдлага, боловсролын салбар, шүүх эрх мэдэлтэй холбоотой аливаа баримт бичигт казах үндэстний эрх ашгийг хангасан заалт бүхий өөрчлөлт оруулах, шашин шүтэх эрх чөлөө болон хүнийг эрхийг дээдлэх зэрэг чухал асуудлыг хөндөв. Оросын Цагаан хааны төрөөс мөрдөж байсан үеэ өнгөрөөсөн Талын хууль гэгчийг хүчингүй болгож, Казахын ард түмний эрх ашигт нийцсэн шинэ хууль дүрмийг боловсруулан мөрдөхийг шаардав.

зураг
 

1907 онд Цагаан хаант төрийг шүүмжилсэн гэж үзэж тодорхой хугацаагаар баривчлагдан хоригдсон бол, 1909 онд амбан захирагч Тройницкийн тушаалаар дахин баривчлагдаж, Семейн шоронд хоригдов. 1910 онд Оросын Дотоод хэргийн яамны шийдвэрээр Оренбург мужид нутаг заагдаж, 1917 он хүртэл тэнд амьдарч байв.

Энд байхдаа хэдийгээр хүчний байгууллагуудын хатуу хяналтын доор байсан ч нийгэм-улс төрийн ажлаа эрчимжүүлж, 1913-1918 онд журмын андууд А.Бөкейханов, М.Дулатов нартай хамтран, казах сэхээтнүүдийн дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээний “Казах” нэртэй сониныг эрхлэн гаргаж, ерөнхий редактораар ажиллав. Энэ сониныг казах хэл дээр хэвлэгдсэн нийгэм-улс төр, танин мэдэхүй болон шинжлэх ухаан, утга зохиолын анхны сонин гэж үзэж болно. Сонины нийтлэлийн бодлого нь Казахын ард түмнийг эв нэгдэлд уриалж, шинжлэх ухааны боловсролыг сурталчлахын зэрэгцээ, үндэсний сэхээтнүүдийн улс төрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байв. Ахмет Казахын сэхээтнүүдэд сонин сэтгүүлийн нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн ач холбогдлыг ойлгуулж, хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал болохыг итгүүлж чадсан анхдагч бөгөөд Казахын мэргэжлийн сэтгүүл зүйг үндэслэгч, нийгмийн сэтгэл зүйг сэрээж, ард түмний оюун санаанд хүчтэй нөлөөлж чадсан манлай нийтлэлч юм. 

1917 оны  Октябрийн хувьсгалын дараа үндэсний Алаш намыг байгуулалцаж, намын дүрэм, мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийг журмын нөхдийн хамт боловсруулжээ. Казах төрөөс баримтлах үндэсний үзэл суртлыг боловсруулан бий болгов.

1919 онд Алашын Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсан нийт Казахын II Их хурлаар Гэгээрлийн комисс гэдгийг байгуулахад анхны даргаар сонгогдож ажиллав.

1919 оны 3 дугаар сард Алаш Ордагийн Засгийн газрын өмнөөс Зөвлөлт засагтай хэлэлцээр хийх багийг ахалж Москваг зорин, очсон зорилгоо амжилттай хэрэгжүүлэв. Энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Ардын Комиссаруудын зөвлөл болон Казахын Хувьсгалт-цэргийн зөвлөлийн хамтарсан Хорооны даргын орлогчоор сонгогджээ. Алаш Ордагийн Засгийн газрын гишүүн Алимхан Ермековтэй хамтран В.И.Ленин тэргүүтэй ОХУ-ын удирдагчидтай хэлэлцээр хийж, Бүгд Найрамдах Казах Улсын хил хязгаарыг баталгаажуулав. Бараг 8 цаг үргэлжилсэн хүнд хэлэлцээрийн үр дүнд Орос улсад алдсан ихэнх газар нутгийг эргүүлэн авсан нь орчин үеийн Бүгд Найрамдах Казахстан Улсын НҮБ-ын тогтоолоор баталгаажсан газар нутгийн одоогийн хилийн шугам юм.

1920 онд байгуулагдсан Казах АЗСУ-ын Засгийн газрын гишүүн, Ардын Гэгээрлийн Комиссараар 1921 он хүртэл ажиллаж, 1922-1925 онд Ардын Гэгээрлийн Комиссарын дэргэдэх Судар бичгийн хүрээлэн, Казахын хязгаарыг судлах хүрээлэнгийн захирлаар ажиллав. 1925-1928 онд Ташкент хотын Ардын гэгээрлийн дээд сургуульд, 1928 оноос Алматы хотын Казах Улсын Багшийн их сургуульд профессор багшаар ажилласан байна. 1926 онд Азербайжаны Баку хотод болсон Түрэг судлаачдын Анхдугаар Их хурлаар Түрк судлаачдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

1929 оны 6 дугаар сард Алаш хөдөлгөөний зүтгэлтнүүдийн хамт баривчлагдаж, Москвагийн Бутыркийн шоронд хоригдов. ЗХУ-ын Улсыг аюулаас Хамгаалах Хорооны 1930 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийдвэрээр түүнд цаазын ял оноосон боловч тун удалгүй 10 жил чанга дэглэмтэй концлагерийн ялаар солив. Уг шийдвэр нь дахин өөрчлөгдэж 1932 оны 11 дүгээр сард Архангельскэд 3 жилээр цөлөгджээ. 1933 онд эрүүл мэндийн байдлыг харгалзан Баруун Сибирийн хориг лагерт шилжүүлэв. Тэнд ямар ч гэм зэмгүй эхнэр, охин хоёр нь ял эдэлж байлаа. 1934 онд М.Горькийн эхнэр Е.П.Пешковагийн тусламжтайгаар суллагдаж, Алматад ирсэн боловч ажилд авах газар олдсонгүй. Цагийн ажил хийж амь зууж байв.

Утга зохиол, хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа

Түүний анхны ном нь “Дөчин ёгт үлгэр” нэртэйгээр 1909 онд хэвлэгдэн гарав. Уг номд харийн түрэмгийлэгчдийн дарангуйлал, ард түмний ядуу зүдүү, арчаагүй амьдралын хэв маягийг ёгт үлгэр хэлбэрээр олны сонорт хүргэж, нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байв. Иргэний хүсэл-тэмүүлэл, оюуны бодрол, гүн ухааны санааг багтаасан дараагийн яруу найргийн ном нь 1911 онд хэвлэгдсэн “Шумуул”. Номын агуулга нь ард иргэд, өсвөр үеийнхнийг өнөөгийн хоцрогдмол байдлыг халах тэмцэлд дуудаж, боловсрол, шинжлэх ухаанд уриалж, залхуу хойрго байдлыг жигших, янз бүрийн муу зуршлаас салах арга замд хөтлөхийг зорилго болгосон байдаг. Үүгээр тэрбээр XX зууны эхэн үеийн Казахын яруу найргийг ардчилсан-хувьсгалч уран зохиолын түвшинд хүргэв.

Тэрбээр нүүдэлчин казахуудын өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв маягийг багтаан харуулсан ардын аман зохиолын төрөл зүйлийг цуглуулан судалж, 1923 онд “Эрэлхэг баатар Сайын” туульсыг, 1926 онд Казахын 400 жилийн түүхийг багтаасан аман зохиолын өвийг “23 жохтау” нэрээр эмхэтгэн хэвлүүлсэн аман зохиол судлаач юм.

Түүний “Казах” сонинд 1918 онд хэвлүүлсэн “Казахын манлай яруу найрагч” шинжлэх ухааны өгүүлэл нь казах утга зохиол судлал, шинжлэлийн түүхэн дэх анхны судалгааны бүтээлүүдийн нэг бөгөөд алдарт яруу найрагч Абайн уран бүтээлийг утга-уран сайхны талаас задлан шинжилсэн байна. 1926 онд хэвлүүлсэн “Утга зохиол судлал” бүтээл нь казах хэл дээрх анхны шинжлэх ухааны онолын ном юм. Уг бүтээлээрээ Ахмет уран зохиолын түүх, онол, шүүмж, арга судлалыг тодорхойлж, казах утга зохиол судлалын үндэс суурийг тавьж өгөв. Уран зохиолын мөн чанар, зохиолын агуулга хэлбэр, утга уран сайхан, дүр, төрөл зүйл, утга зохиолын шүүмж зэрэг ойлголтуудыг Казахын болон дэлхийн утга зохиолын шилдэг бүтээлүүдээс жишээ аван тайлбарлаж, эх хэлний баялаг санг ашиглан утга зохиолын нэр томьёонуудыг казах хэл дээр оновчтой оноож өгөв.Казах уран зохиолын түүхэн хөгжлийн үе шатуудыг анх удаа шинжлэх ухааны үндэстэй үечлэн тодорхойлов.

А.С.ПушкинМ.Ю.Лермонтов, Ф.Вольтер, С.Я.Надсон нарын уран бүтээлээс казах хэлэнд яруу сайхан орчуулж, уншигчдын хүртээл болгов.

Ахмет Байтурсынулы Казахын түүхэнд анхны үндэсний бичгийг зохиосон шинэчлэгч-хэл судлаач. Тэрбээр 1924 онд Оренбург хотод болсон казах эрдэмтдийн анхдугаар их хурал болон 1926 онд Баку хотод хуралдсан Түрэг судлаачдын их хуралд түрэг гаралтай үндэстнүүдэд араб бичигт үндэслэсэн нэгдмэл шинэ бичиг үсэг шаардлагатай болохыг тал бүрээс нотолсон эрдэм шинжилгээний илтгэл тавив. 1912 онд казах хэлний өвөрмөц онцлогт нийцсэн анхны казах бичиг үсгийг зохиож, казах хэл дээрх анхны “Цагаан толгой” буюу “Унших хэрэглэгдэхүүн” сурах бичгийг зохион хэвлүүлэв. Энэ бол казах үндэсний бичгийн хөгжилд онцгой үйл явдал болсон. Тус сурах бичгийн агуулга, арга зүйг нь сайжруулж, хэл хэдэн удаа дахин хэвлэв.  Шавь төвтэй сургалтын арга зүйгээр зохиогдсон энэхүү сурах бичиг нь одоог хүртэл ач холбогдлоо алдаагүй байгаа.

Тухайн үед Казахын ард түмнийг бүх нийтээрээ бичиг үсэгтэн болоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан “Шинэ дүрэм” буюу “Дөт бичгийг” БНХАУ, Иран, Афганистанд амьдардаг казах үндэстний цөөнх иргэд одоог хүртэл үндэсний бичгийн түвшинд хэрэглэсээр байгаа. Манай Монгол Улсад 1927 онд анхны казах сургууль байгуулагдахад сургалтын үндсэн бичиг үсэг нь энэхүү дөт бичиг байсан ба 1932-34 оноос латин үсэгт шилжих хүртэл бүх нийтээрээ хэрэглэж байв. Зарим ахмад хүмүүс албаны бус харилцаанд дөт бичгийг одоог хүртэл хэрэглэж байгаа нь харагддаг.

Түүний 1914-1916 оны хооронд зохиосон 3 бүлгээс бүрддэг “Хэлний хэрэглэгдэхүүн” сурах бичиг нь казах хэлний хичээлийн анхны сурах бичиг юм. Казах хэлний үг зүйг заах сурах бичгийг 1914 онд зохион хэвлүүлсэн бол, авиа зүйн сурах бичгийг 1915 онд, өгүүлбэр зүйн сурах бичгийг 1916 онд зохион хэвлүүлэв. Эдгээр сурах бичгүүд казах хэлний хичээлийн анхны сурах бичиг болохын зэрэгцээ казах хэл шинжлэлийн суурь үндсийг тавьсан хэл шинжлэлийн ухааны казах хэл дээрх анхны бүтээл болсон. Одоо БНКазУ-ын ерөнхий боловсролын сургуульд хэрэглэгдэж байгаа орчин үеийн сурах бичгүүд бүгдээрээ энэхүү гурван сурах бичигт үндэслэн зохиогдсон байдаг.

Казах хэл зүйн үндэсний нэр томьёог бий болгон төлөвшүүлсэн Ахмет Байтурсынулы казах хэл шинжлэл болон казах хэл заах арга зүйг үндэслэгч болон түүхэнд мөнхрөн үлдэв. Багш нарт зориулан “Хэл заагч” нэртэй арга зүйн зөвлөмжийг 1917 онд зохион хэвлүүлсэн бол, казах хэлний хичээлийн дадлага ажлын “Хэлийг хэрэглэх” нэртэй номыг мөн тэр жил боловсруулан хэвлүүлэв. Түүнээс гадна бага ангийн хүүхдэд зориулж ёс суртахууны унших эхүүд бүхий нэмэлт сурах бичгүүдийн зохион хэвлүүлэв. Агуу эрдэмтэн багшийн дээрх бүтээлүүд одоог хүртэл шинжлэх ухааны ач холбогдлоо алдаагүй, багш судлаачдын ширээний ном болсоор байгаа юм.

зураг
 

Ахмет Байтурсынулы эдгээр алдарт бүтээлүүдээ туурвихын зэрэгцээ 1921-1929 оны хооронд дээд сургуулиудад багшилж, казах хэл-уран зохиол, соёлын түүх хичээлийг зааж байв.

Түүнийг 1937 оны 8 дугаар сард дахин хилс хэрэгт хэлмэгдүүлэн баривчилж, цаазаар авах ял оноож, 11 дүгээр сард буудан хороожээ.

1988 онд цагаатгав. Түүнээс хойш Ахмет Байтурсынулыг Казах үндэстний агуу удирдагчдын нэгээр өргөмжилж, олон хотод түүнд зориулан хөшөө босгож, нэрэмжит музейг нээн ажиллуулж, Хэл шинжлэлийн үндэсний хүрээлэн болон Хостанайн Их сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.

Энэ жил үндэстний агуу удирдагч, цаглашгүй их авьяас билэгт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч багш Ахмет Байтурсыновын мэндэлсний 150 жилийн ой тохиож байгаа бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.К.Токаевын зарлигаар улс орон даяр өргөн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Нийтлэл бичсэн: Судлаач А.Ханат