Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдэг бүтээлүүдэд шагнал гардууллаа

ikon.mn
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөрөнгийн зах зээл бол итгэлцэл дээр тогтдог, санхүүгийн үнэн бодитой мэдээллийг шаарддаг салбар юм.

Тэр тусмаа хөрөнгийн зах зээлийн өсөлт нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн гарч, иргэд хөрөнгийн зах зээл дээрээс өгөөж хүртэх сонирхол улам их нэмэгдсээр байгаа энэ цаг үед хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын идэвх, сонирхлыг өсгөх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах цаашилбал иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоо нэн чухал билээ.

Иймд иргэд, олон нийтийн санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб нар хамтран сэтгүүлчдийн дунд “Хөгжилд хөтлөх хөрөнгийн зах зээл” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр энэхүү уралдааны шилдэг бүтээлүүдэд шагнал гардууллаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дэд захирал Т.Хаш-Эрдэнэ, МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн дарга А.Батболд болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн сэтгүүлчид оролцсон юм.

“Сонин, сэтгүүл, вэб сайт”,  “Телевиз, радио, видео контент” хоёр төрөлд нийт 30 гаруй бүтээл өрсөлдсөнөөс “Телевиз, радио, видео контент”-ийн нэгдүгээр байрын шагналыг МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Ц.Санчирмаа “Биржийн бус зах зээл” нэвтрүүлгээрээ хүртлээ. Удаах байруудыг “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал “Банкны IPO хойшлох уу?” нэвтрүүлгээр, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн сэтгүүлч Д.Ган-Эрдэнэ “Банкны IPO хийхэд бэлэн үү?” хэлэлцүүлгээрээ тус тус шалгарлаа.

Харин “Сонин, сэтгүүл, вэб сайт” төрөлд тэргүүн байрт “Баялгийг шударга хуваарилах хувьчлал” нийтлэлээрээ “Mongolian economy” сэтгүүлийн сэтгүүлч Б.Шүрэнчимэг, хоёр, гуравдугаар байрт “Гэр бүлийн засаглалаас хөрөнгийн зах зээлийн засаглал руу” нийтлэлээр “Peak.mn” сайт, сэтгүүлч Б.Баяртогтох, “Хөрөнгийн зах зээлийн гүүр: Хөрөнгө оруулалтын сан” нийтлэлээр “lemon press.mn“ сайтын сэтгүүлч Э.Золбаяр нар шалгарсан юм.

Мөн энэ үеэр санхүүгийн салбар түүн дотроос хөрөнгийн зах зээлийн талаар болон хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчдын дуу хоолойг олон нийтэд түгээх, үнэн бодитоор илэрхийлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн ерөнхий зохицуулагч Б.Баяртогтох, “Ийгл” телевизийн тоймч М.Мөнхжаргал, “Өнөөдөр” сонины тоймч Т.Энхбат нарт Санхүүгийн зохицуулах хорооны даргын тушаалаар “Санхүү, банкны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр шагнасныг гардууллаа.