Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дуу цахилгаантай, аадар бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхаарууллаа

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ зун хур тунадас олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу орох төлөвтэй байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалсан үер ус, аянга цахилгааны осол, гэмтлийн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-ын албаны эх сурвалжаас тодруулахад "2022 он гарснаас хойш аянга, аадар бороо, хүчтэй салхи шуурганы 34 тохиолдол бүртгэгдсэн. Байгалийн үзэгдлийн улмаас 48 гэр, 25 байшингийн дээвэр, сургуулийн гурван дээвэр нурсан байна. 

Түүнчлэн өчигдрийн дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, гурван иргэн эрүүл мэндээрээ хохирсон явдал гарсан. Дуу цахилгаантай их хэмжээний усархаг бороотой үед цахилгаан хэрэгслүүдийг салгах, ашиглахгүй байх зэргийг онцгойлон анхааруулж байна" гэв. 

Энэ талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад "Зургаадугаар сард аянгад цохиулж осолдсон хүн манай дээр ирээгүй. Ерөнхийдөө байгалийн хүчин зүйлийн нөлөөт гэмтэл гэдэг ангилалд багтдаг.Тодруулбал, үерт автах, аянгад цохиулах, осгох гэх мэтчилэн гэмтэл ордог гэсэн үг. Энэ оны эхний таван сарын байдлаар

  • 5-9 насны 10 
  • 10-14 насны найм
  • 15-16 насны зургаан хүүхэд байгалийн хүчин зүйлийн нөлөөт гэмтлийн улмаас ГССҮТ-д ирсэн байна. Одоогоор ГССҮТ-ийн хүлээн авах тасагт аянгад цохиулсан хүн мэдэгдээгүй" хэмээн мэдээлэл өгөв.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхорол "Одоогоор аянга, цахилгаанд өртөж, хохирсон талаарх дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдээгүй. Гэхдээ эрсдэл маш өндөр байгаа. Аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Цар тахлын үеийн хоёр жилийн хугацаанд 33 хүүхэд, 2021 онд 31 хүүхэд үер усны осолд өртөж амь насаа алджээ. Харин 2022 он гарсаар усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхдийн амь нас хохирчээ. Үер усны ослоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Энэ төрлийн ослын 85 орчим хувь нь санамсар, болгоомжгүй байдлаас үүсэж байна.

Энэ жил гэнэтийн дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа. Тиймээс аялал зугаалгаар яваа хүмүүс маань аюулгүй байдлаа хангах нь чухал" гэдгийг зөвлөлөө. 

ОБЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж байна.  

  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх
  • Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх
  • Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байх, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах
  • Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул ойртох, хүрэхээс зайлсхийх
  • Тулгуур хазайсан, унасан унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна.