Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хандсүрэн: Төрийн дуулалд "Далай" хэмээдгийг "Дайчин" болгож, "золтой" гэх үгийг "галтай" гэж солих ёстой

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эх нутаг, хүн зон олноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, төрийн дууллын утгын алдааг засаж, модон сүлдийг өөрчлөх хэрэгтэй хэмээн мэдэгдэв.

Тус байгууллагын тэргүүн Б.Хандсүрэн "Төрийн дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх хэрэгтэйг би 2017 оноос ярьж эхэлсэн. Учир шалтгааныг нь үе үеийн Ерөнхийлөгч нарт өгч байсан ч авч хэлэлцээгүй. Төрийн дууллын утгын алдаа буюу ямарваа асуудалд хориг тавих, зарлиг гаргах эрх үүрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүний хувьд энэ асуудалд онцгой анхаараасай гэж хүсэж байна" гэлээ. 

Тэрбээр төрийн дуулал, далбаа, сүлдэд дараах алдаа байгаа хэмээн үзэж байгаа аж. 

Б.Хандсүрэн "Төрийн соёмбыг Хятадын цэцэг, цагаан лянхуа дээр бадамлуулсан байна. Мөн төрийн далбаа нь БНХАУ-аас стандартын бус ирдэг. Ингэхдээ арга билэг нь буруу эргэсэн байгаа. 1991 оноос Монгол Улсын голдирол буруу эргэчихжээ. 

Амьтай сүлдийг залах ёстойг олон хүн ярьдаг. Одоогийн сүлд нь цагаан лянхуа цэцэг дээрх цавчмал морь, хөл нь хугарчихсан байгаа. Үүнд Монголын ард түмний 99 хувь нь дургүй байдаг.

1961-1991 онд Төрийн дуулал утга агуулга өндөр байж. Үүнд "цогтой зорьсон" гэж орсон. Харин 1992-2006 оныход "Далай их дээдсийн" гэж орсон байгаа. Далай гэдэг бол тэнгэрийн, сүнслэг орон. Тиймээс тэнгэрийн орны усны дусал шиг хүний амийг нэг дуслаар дүүргэхийн тулд иргэд золгүй байдлаар амиа алдсаар байна. 

"Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө, жаргалыг эдлэв" гэж байгаа нь монголчууд эрх чөлөө, жаргалаа эдлээд дуусчихсан байна гэсэн үг" гэв.

Харин тэрбээр "Далай" гэх үгийн оронд "Дайчин", "золтой" гэдгийн оронд "галтай" гэж оруулах, "Эрх чөлөө жаргалыг эдэлнэ" гэж ирээдүй цагаар бичих ёстой гэх санал гаргаснаа танилцуулсан юм. 

Түүний тайлбарласнаар зол гэдэг үг нь ядмаг, мөчид тачир гэсэн утгатай аж.