Уншиж байна ...

"Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэнэ" хэмээн хиймэл хомсдол үүсгэж ШТС-уудад дараалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна"

А.Намуун, iKon.mn
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Шатахууны үнэ наадмын өмнө нэмэгдэнэ" гэсэн мэдээлэл иргэдийн дунд гараад байна. Энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас тодрууллаа.

УУХҮЯ-ны хэвлэлийн төлөөлөгч “Ковид-19 халдвар намжиж улс орнуудад хөл хөдөлгөөн эрчимжсэн, Оросын Холбооны Улс, Украин улсын хооронд үүссэн нөхцөл байдал, үүний улмаас ОХУ-ын эсрэг дэлхийн улс орнуудын авч буй хориг арга хэмжээ зэргээс үүдэн газрын тосны ханш он гарсаар 80 хувиар өсөөд байна.

Харин ковид эрчимтэй тархаж байсан үеэс 6 дахин өссөн. Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна.

Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсжээ.

УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс нэг тонн АИ-92 авто бензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллароор худалдан авч нэг литрийг нь зах зээлд 2,390 төгрөгөөр борлуулж байна. Энэхүү гэрээг сунгах асуудлыг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирүүлээгүй байгаа юм.

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 авто бензин 9,773 тонн, АИ-92 авто бензин 53,945 тонн, АИ-95 авто бензин 5,636 тонн, ДТ 68,505 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 40, АИ-95 авто бензиний 42 хоногийн, А-80 авто бензиний 59, ДТ-ний 25 хоногийн, 37 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 2,520 тонн, АИ-92 авто бензин 28,466 тонн, АИ-95 авто бензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа ба АИ-92 авто бензиний 30, АИ-95 авто бензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Иймд иргэдийг хиймэл хомсдол үүсгэж шатахуун түгээх станцуудад дугаарлалт үүсгэхгүй байхыг анхааруулж байна" гэв.