Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Намуунбайгал: Долдугаар сард хэт халалт, гэнэтийн аадар борооноос үүдэн агаарын температур хэлбэлзэнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- ДАХИН НИЙТЛЭВ -

Долдугаар сард улсын баяр наадмын амралт урт үргэлжилж, иргэд хөдөө орон нутгаар аялах нь нэмэгддэг. Энэ үед цаг агаарын мэдээлэл хамгийн чухал. Долдугаар сарын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн инженер Э.Намуунбайгалаас тодрууллаа. 

-Монгол орны нийт нутгаар ирэх сард зуншлага ямар байх төлөвтэй байна вэ. Цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулбал?

-Долдугаар сард хур тунадас ахиу, олон жилийн дундаж (ОЖД)-аас дулаан байх төлөвтэй байгаа. Тодруулбал, төвийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу хур тунадас орох талаар урьдчилсан мэдээлэл гарсан. Мөн Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дорноговь аймгуудын зарим нутгаар хур тунадас ахиу орох төлөв байна.

-Энэ сарын хур тунадас ОЖД-аас ахиу орлоо. Долдугаар сард агаарын температурт ямар өөрчлөлт гарах төлөв ажиглагдаж байна вэ?

-Зургаадугаар сард төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу хур тунадас орсон. Долдугаар сард мөн адил хур тунадастай байх урьдчилсан мэдээлэл байна. Ирэх сард хэт халалт болон гэнэтийн аадар борооноос үүдэн агаарын температур маш их хэлбэлзэх магадлалтай.Салхи хур тунадасны өмнө бага зэрэг ширүүснэ. Ихэнхдээ 6-11 метр секунд, аадар борооны өмнө 12-14 метр секунд хүрч салхилах төлөв ажиглагдаж байна.

-Агаарын температурын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал ямар байна вэ?

-2021 оны долдугаар сард агаарын температур ОЖД-ийн орчим байсан. Дээр дурдсанчлан долдугаар сард ОЖД-аас хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа. Мөн агаарын температур ОЖД-аас дулаан байх төлөв гарсан.

-Долдугаар сарын уур амьсгалын тойм мэдээллийг танилцуулбал?

-Агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8...14°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20...26°С, бусад нутгаар 14...20°С дулаан байдаг.

Долдугаар сарын агаарын температурын ОЖД (oC)

зураг
 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсэг болон Архангайн ихэнх нутгаар 70–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.

Долдугаар сарын нийлбэр хур тунадасны ОЖД (мм)

зураг
 

Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ээс дараах зөвлөмжийг өгч байна.

Долдугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур ОЖД–аас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой хэт халалт, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.