Шүүхээс иргэн Ч.Мөнхбаярт 10 жилийн хугацаагаар хорих ял оноолоо.
Тодруулбал, "Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр баривчлан саатуулсан.
Түүнд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Тус шүүх өчигдөр Ч.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сануулахад, 2022 оны хоёрдугаар сарын 18-нд Тагнуулын ерөнхий газраас "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан" гэдгийг мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!