Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол мах” төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпорац хамтран "Монгол мах” төслийг хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпорац хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчныг сайжруулах зорилготой.

Мөн төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулах тал дээр Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах юм байна. Тодруулбал, мал нядалгааны өмнөх болон дараах бүх шатны үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг сургалтууд зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөө өгч хамтран ажиллах аж.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэж буй бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг, сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн гадаад руу нийлүүлдэг ч бай, дотооддоо хэрэглэдэг ч бай Олон улсын стандартыг мөрддөг байхаар эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. Үүнд “Монгол мах” төсөл жишиг болон хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид Засгийн газрын зүгээс бүх талаараа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэсэн юм.