Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Саран дээр унахдаа хос тогоо үүсгэсэн пуужингийн эзнийг NASA хайж байна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн дагуул сарны алслагдсан хэсэгт учир битүүлэг хос тогоо үүссэнийг ямар нэг пуужингийн хаягдал унаж мөргөснөөс үүдэлтэй гэж АНУ-ын сансар судлалын байгууллага NASA дүгнэжээ.

Уг тогоонуудыг NASA энэ оны гуравдугаар сард анх илрүүлж, сүүлд Lunar Reconnaisance Orbiter сарны хиймэл дагуулаас зургийг нь буулгасан юм байна.

Давхцаж үүссэн хоёр тогооны нэг нь 18 метр, нөгөө нь 16 метр өргөнтэй ажээ.

Ашиглалтаас гарсан ямар нэг пуужин өнгөрсөн оны сүүлээр сарны гадарга дээр унаснаас ийм тогоонууд үүссэн гэж NASA-гийн судлаачид үзэж байна.

Гэхдээ хоорондоо давхацсан хос тогоо үүсгэсэн нь ер бусын ховор үзэгдэл ажээ.

“Сансрын хог хаягдал сарны гадарга дээр унах нь түгээмэл үзэгдэл боловч ийм хос тогоо үүсгэсэн тохиолдол ганц ч байхгүй” гэж NASA-гийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

2016 онд Аризонагийн Их сургуулиас гаргасан мэдээллээс үзвэл өнгөрсөн хугацаанд NASA-гийн пуужингийн хэсгүүд 47 удаа саран дээр унаж байжээ.

Унахдаа ийм хос тогоо үүсгэхийн тулд пуужингийн хоёр үзүүр хүнд жинтэй байх ёстой гэнэ. Гэтэл ашиглалтаас гарсан пуужингийн зөвхөн нэг үзүүрт хөдөлгүүр байрладаг тул хамгийн хүнд хэсэг болдог бөгөөд нөгөө үзүүрт нь дууссан шатахууны хоосон сав байрладаг тул ийм хос тогоо үүсгэх боломжгүй гэж судлаачид үзэж байна.

Одоогоор сарны гадарга дээр хос тогоо үүсгэсэн пуужин аль улсад харьяалагдах талаар ямар нэг сэжиг таамаг гараагүй байгаа гэнэ. Мөн дэлхийн аль нэг улс саран дээрх хос тогоог өөрийнх нь пуужингийн хаягдал үүсгэсэн болохыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider