Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Шри-Ланка улс 14 хоногийн хугацаанд шатахуун худалдахаа зогсоолоо

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн гүн хямралд унасан Шри-Ланка улс арван дөрөв хоногийн хугацаанд нийтэд ямар ч төрлийн шатахуун зарахаа зогсоож байгааг өчигдөр зарлажээ.

1948 онд Их Британийн колоничлолоос салснаасаа хойш тус улс ийм том хямрал үзээгүй юм.

Гадаад валютын нөөцгүй болсон Шри-Ланка улс шатахуун түлш зэрэг импортын бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүй байгаа. Улс даяар ердөө нэг өдрийн шатахууны нөөц үлдсэний дараа зөвхөн онц шаардлагатай ажил үйлчилгээний автомашинуудад шатахуун өгөхөөр болжээ.

“Өнөөдөр шөнө дундаас эхлэн түргэн тусламж зэрэг онц чухал үйлчилгээнээс бусад зориулалтын автомашинуудад шатахуун худалдаалахыг зогсоож байна. Үлдсэн багахан нөөцөө ингэж ашиглахаас өөр арга алга” гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Бандула Гунавардана өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт улсын өмчийн бүх сургуулиуд хаагдсан юм. Мөн шатахууны хэрэглээг бууруулахын тулд төрийн бүх байгууллагууд долдугаар сарын 10 хүртэл хаагдахаар болжээ.

Шри-Ланкын засгийн газар одоо ОХУ, Катар улсуудаас хямд үнээр түлш шатахуун авах яриа хэлэлцээ хийж байгаа юм.

Тус улсын 22 сая хүн амын таван хүн тутмын дөрөв нь хоол хүнсний хомстолтой нөхцөлд амьдарч байна. Дөрөвдүгээр сард $51 тэрбумын гадаад өрөө төлж чадаагүй тус улс одоо Олон Улсын Валютын Сангаас тусламж авахаар ярилцаж байгаа юм

 

Эх сурвалж: AFP