Уншиж байна ...

Бага тэнгэрийн ам болон Туул гол дагуух тохижилтын ажил тааруухан, АСЕМ виллагийн ойролцоох тохижилт 50 хувьтай байна

ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн.

Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж үзлээ.

зураг
 

Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон АСЕМ виллагийн ойролцоо  гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв.

Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК  ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин АСЕМ виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.

зураг
 

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж буюу Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг эхлүүлээд буй. “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс санаачлан Дугуй цагаан орчмын тохижилтыг хийж байгаа бөгөөд архитектор Б.Батсайхан хийх ажлаа Хотын даргад танилцууллаа.

ТэрбээрАр Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулж байна. Бид хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулна. Ууланд алхагчид амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг их хөнддөг.

Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь хориотой байдаг.

Хүүхдээ салхилуулдаг ээж нарын зүгээс явган замыг чулуун замаар хийх нь доргио ихтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ мэт саналыг харгалзан тохижилтыг эхлүүлээд байна. Сүүдрэвч, сандал нэмж байгуулна” гэлээ.

Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг наймдугаар сарын 20-н гэхэд дуусгана

зураг
 

Тохижилтын ажилтай танилцах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.

-Тохижилтын ажлын явц ямар байна гэж та дүгнэж байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.  Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий.

Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд зорчдог. Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл  болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа.

зураг
 

Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье. Тэнд барьж байгуулахаар төлөвлөсөн явган хүний замыг өргөн болгож, дугуйтай аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хөтөлсөн хүмүүс чөлөөтэй зөрөх хэмжээнд хүргэх шаардлагатай санагдлаа. Замын стандартыг ч мөн барих ёстой.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд дүүргүүд ногоон байгууламж бий болгож байгаа нь сайн хэрэг. Хотын захиргааны зүгээс тохижилтын ажлын хөрөнгө мөнгийг тасалдуулахгүй олгох гэх зэргээр дэмжиж буй юм.

-Иргэдийн зүгээс тохижилттой холбоотой санал өгч байна уу?

-Иргэдийн саналыг хүлээж авч, тусгаж  байгаа. Хүмүүс ч олон санал өгч байна. Явган хүний замыг чулуугаар бус, тэгш хавтангаар тавьж болох уу гэх мэт санал ирүүлсэн. Иргэдийн саналыг сонсож, оролцоог нь хангаж байж ая тухтай орчныг бүрдүүлэх юм.

-Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна гэлээ. Тэднийг хэрхэн идэвхжүүлэх вэ. Ажлын гүйцэтгэл хангалттай биш бол хариуцлага тооцох уу?

-Компанийн удирдлагуудтай уулзсан. Аль болох сэтгэл гарган ажиллахыг хүссэн. Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй хэмээн өгүүллээ.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР