Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д хоолтой холбоотой жижиг маргааны улмаас дахин аллага гарав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Атланта хотын Subway түргэн хоолны газарт зэвсэгт халдлага гарах үеэр нэг ажилтан алагдаж, нэг ажилтан хүнд шархадсан байна.

Хавчуургатай талханд нь хэт их майонез хийж өгсөн шалтгаанаар 36 настай эрэгтэй үйлчлүүлэгч хоолны газрын хоёр эмэгтэй ажилтныг бууджээ.

Аллага үйлдсэн этгээдийг Ням гарагийн орой гэрчүүдийн өгсөн мэдээллийн дагуу баривчилсан байна. Амиа алдсан эмэгтэй ажилтан 26 настай байсан бол хүнд шархадсан ажилтан 24 настай байжээ. Эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа эмэгтэй ажилтан таван настай хүүгийнхээ нүдэн дээр буудуулсан юм байна.

“Энэ бол дэндүү эмгэнэлтэй явдал. Сэндвичтэй холбоотой маргаанаа галт зэвсгээр шийдсэн этгээд биднийг үнэхээр их бухимдуулж байна” гэж Атланта хотын цагдаагийн газрын дэд дарга Чарльз Хэмптон сэтгүүлчдэд ярьжээ.

Сүүлийн үед АНУ даяар галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг тасрахгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Нью-Йорк хотод нэгэн эрэгтэй өөрт нь ахиухан сүмс өгөөгүй шалтгаанаар Хятад рестораны хоол хүргэлтийн ажилтныг буудаж, амийг нь хөнөөсөн юм. Аллагыг үйлдсэн 51 настай Глен Хирш гэгчийг энэ сарын эхээр Нью-Йорк хотын Күйнс дүүргийн прокурор хүн амины болон бусад хэрэгт буруутгаж, ял төлөвлөсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сенат галт зэвсгийн хяналтыг чангатгах хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн нь энэ чиглэлд гарсан томоохон ахиц дэвшил болсон юм.

 

Эх сурвалж: Associated Press