Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

НАТО шуурхай хариу цохилтын хүчээ бараг найм дахин өсгөхөөр болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Стратегийн өрсөлдөөн ширүүсэж буй энэ цаг үед НАТО шуурхай хариу цохилтын хүчний бие бүрэлдэхүүнээ бараг найм дахин өсгөж, 300,000 хүргэх болсныг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр мэдэгджээ.

Одоо НАТО-гийн шуурхай хариу цохилтын хүч 40,000 орчим цэрэгтэй ба яаралтай арга хэмжээ авах шаардлага гарах үед дайчлагдах зориулалттай юм.

Шийдвэрээ Столтенбэрг “Хүйтэн дайны үеэс хойших тус байгууллагын хамгийн том шинэчлэлт” гэж нэрлэжээ.

Өнөөдөр буюу Мягмар гарагт НАТО-гийн гишүүн 30 орны удирдагчид Испанийн нийслэл Мадрид хотод чуулах юм. Энэ үеэр Украинд үзүүлэх зэр зэвсгийн шинэ тусламжийн талаар хэлэлцэнэ.

Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын хамгийн ноцтой бөгөөд шууд аюул занал ОХУ гэдэг дээр гишүүн орнууд санал нэгдэх төлөвтэй байна.

Мөн НАТО-гийн стратеги бодлогод Хятад улсын аюул занал анх удаа дурдагдах төлөвтэй байгааг Столтенбэрг мэдээлжээ.

Нэг үгээр хэлбэл энэ удаагийн чуулганаар Орос, Хятадын өсөн нэмэгдэж байгаа хүч нөлөөг хэрхэн хязгаарлах талаар хэлэлцэх юм байна.

Украины армийн Зөвлөлтийн үеийн зэвсэглэлийг шинэчлэн сайжруулах урт хугацааны төлөвлөгөөг бас хэлэлцэхийг Столтенбэрг мэдээлжээ.

НАТО-гийн чуулганаар хэлэлцэх өөр нэг чухал асуудал нь Финланд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэх тухай байх гэнэ.

Эдгээр улсуудыг гишүүнээр элсүүлэхэд Турк улс саад хийхээ илэрхийлээд байгаа. Туркийн тал террористууд гэж үздэг Курдийн салан тусгаарлагчдыг Финланд, Швед улсууд нутаг дэвсгэртээ орогнуулдаг нь ингэхэд хүргэж буйг Анкарагийн эрх баригчид тайлбарлаж байна.

Чуулганы үеэр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, Финландын ерөнхийлөгч Саули Ниинисто, Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссон нар уулзахаар болсныг Столтенбэрг мэдээлжээ. “Финланд, Швед улсууд өргөдлөө гаргаснаас хойш бид тэднийг гишүүнээр элсүүлэхэд саад учруулахгүйн тулд бүхнийг хийж байгаа. Одоогоор амлалт өгч чадахгүй ч түүхэн үйл явдалд ахиц дэвшил гаргахын төлөө бид идэвхтэй ажиллаж байгаагаа хэлмээр байна” гэж тэр хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press