Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Золбоо: Хилээр будаг оруулж ирэхгүй байх арга хэмжээг зохион байгуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Барилгын дотор орчны агаарын чанартай холбоотой хяналтын сонсгол зохион байгууллаа.

Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотор орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн нэгдүгээрт барилгын материал, будаг ордог аж. Үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөл байр сууриа илэрхийллээ.

БХБ-ын дэд сайд Э.Золбоо: Барилгын дотоод орчны агаарын чанартай холбоотой судалгаануудын дүн маш муу гарсан. Энэ асуудлыг шийдэхийн тулд агааржуулалт, салхивчны системийг сайжруулах ёстой. Ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын халаалт, агааржуулалтын системийн норм, дүрмийг сайжруулах шаардлагатай байгаа. Эмнэлгийн хувьд энэ асуудлыг шийдсэн. Харин сургууль, цэцэрлэгийн норм, дүрмийн энэ онд багтаан шийднэ.

Гаднаас оруулж ирдэг барилгын материалын тохирлын гэрчилгээг шалгаж оруулж ирвэл үр дүн гарна гэж үздэг. Гэвч хятадаас оруулж ирдэг бараа, материалын бичиг баримт хуурамч байдаг. Үнийн баримт, тохирлын гэрчилгээ хуурамч байдаг учраас бид хянаж чаддаггүй. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр хилээр будаг оруулж ирэхгүй байх арга хэмжээг зохион байгуулах ёстой юм билээ. Зах зээл рүү нэвтрүүлж болохгүй.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ингэхдээ Замын-Үүдэд лаборатори байгуулна. Бид 2021 онд хил дээр байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн хажууд 500 м/кв газрын асуудлыг нь шийдсэн. Энэ жил төсөвт гурван тэрбум төгрөг тавиулснаас 1.5 тэрбумыг нь шийдсэн. Барилгын ажил нь эхлээд явж байгаа. Дараа жил барилгын ажилд бүрэн дуусна. Энэ лабораторид зөвхөн будаг, эмуль гэлтгүй хүний эрүүл мэндийг хохироодог материалуудыг шалгаад стандарт хангасан байвал оруулж ирэхийг зөвшөөрнө.

Түүнчлэн ОХУ-аас будаг оруулж ирдэг ч шалгах лаборатори тухайн хил дээр байхгүй. Тиймээс Улаанбаатарт байгаа улсын лабораторийг ашиглая гэж байгаа.

Энэ ажил жигдрэх хүртэл хоёр жилийн хугацаа бий. Тэр хүртэл төрийн байгууллагууд хамтраад зах зээлд борлуулагдаж буй будаг, эмульсийг шалгая. Стандартад нийцэхгүйг нь худалдаалахыг хориглоё.

Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө сургууль, цэцэрлэгийг будахгүй байвал яасан юм бэ гэдэг саналыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлж байна. Хэрэв заавал будах шаардлагатай бол стандартын шаардлага хангасан будаг ашиглая.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж: Бидэнд хяналт шалгалт хийх нөөц бололцоо бий билүү, чадах уу гэдгээ эргэж харах шаардлагатай байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн байгууллагуудын лабораториуд ажиллахгүй байгаатай бараг ижил байна. Төрийн байгууллагууд хамтарсан шалгалт хийж чадахгүй. Яагаад гэвэл манайд тоног төхөөрөмж, боловсон хүчний чадавх байхгүй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй байна.

Барилгын дотоод агаарын чанартай холбоотой 98 үзүүлэлт бүхий журмыг Шадар сайд баталсан. Гэтэл бид 98 үзүүлэлтээс зургааг нь л тогтоож чадаж байгаа. Үүнийг “Ногоон титэм” гэдэг хувийн лабораторид л үздэг.   

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Бид гадаад орчны агаарын чанарыг л яриад байдаг. Гэтэл амьдралынхаа 80-90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Өчнөөн үнэтэй орон сууц авчхаад түүндээ хордоод сууж байгаагаа мэддэггүй. Тэгвэл үүнийг шалгах ёстой байгууллага нь аль юм бэ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Судалгааны дүнг хараад цочирдохоор юм байна. Саяхан бид Эмээлтийн махны үйлдвэрт формальдегид гэдэг бодис ашигласан байна гэдэг мэдээлэлд цочирдоод байсан. Гэтэл орон сууцанд формальдегид нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-14, оффис эмнэлэгт 10-125, сургууль цэцэрлэгт 3-25 хувиар их байна гэдэг судалгаа гарсан байна. Ер нь цаад утгаар нь хавдар үүсгэж байна гэсэн байна.

Хүмүүс хавдраар өвдөөд эм уугаад яваад байдаг. Гэтэл гэр доторх орчны агаараа шинжлүүлсэн хүн байхгүй байх. Бидний ярилцаж байгаагаас харахад өвдөөд байгаа маань гэр доторх агаараас үүдэлтэй байж болохоор юм байна. Эмнэлэгт эмчлүүлээд, эм уугаад яваад байдаг гэтэл гэр доторхоо солихгүй л бол эдгэрэхгүй юм байна.

Үүнээс харахад иргэдэд энэ талын мэдээлэл олгох нь чухал юм байна.