Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхтуул: Технологийн чиглэлээр ажилд ороход диплом шаардахгүй

ikon.mn
2022 оны 6 сарын 27
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүчээ авч буй мэдээлэл технологийн салбарын талаар М-Си-Эс Венчерс компанийн Хүний нөөц хариуцсан захирал Л.Энхтуултай ярилцлаа. 

зураг
 

- Дэлхийн томоохон технологийн компаниуд хүний нөөцийн бодлогодоо маш олон шинэчлэл хийж байна. Үүний нэг нь их дээд сургуулийн диплом шаардахгүйгээр ажилтан шалгаруулж авах болжээ. Ямар компаниуд ажилтнаасаа диплом шаардахаа больж байгаа юм бэ?

Apple, Google, Tesla гэх мэт дэлхийн томоохон технологийн компаниуд бакалаврын диплом шаардахаа больж байгаагаа аль 2018 оноос эхлэн олон нийтэд ил зарласан байдаг. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлд диплом аливаа хүнийг үнэлэх гол хэмжүүр биш гэдэгтэй санал нийлээд эхэлчихсэн байгаа гэж ойлгож болно.

Харин бидний хувьд ажилтан сонгон шалгаруулж авах бодлогодоо өөрчлөлт оруулж дипломын шаардлага тавихаа больж байгаа бөгөөд үүгээрээ дотоодын хэмжээнд анхдагч нь болсон. Бид тухайн хүний ур чадварыг л харах ба заавал аливаа нэг их дээд сургууль төгссөн байх хатуу шаардлагыг тавихгүй байгаа юм. 

- Диплом шаардахгүйгээр ажилтан шалгаруулж авч буй компаниуд IT салбарын компаниуд гэж ойлгож болох уу? 

Тийм. Гэхдээ IT гэдэг маань бүх л салбарт чухал хэрэгцээ, шаардлагатай болж байна. Тухайлбал, банк, санхүү, боловсрол, эрүүл мэнд гэх мэт бидний өдөр тутмын хэрэглээг дурдаж болно. Мөн М-Си-Эс Группийн үндсэн компаниуд ч технологийн шилжилтийг чухалчлан үзэх болсон.

зураг
 

- Таны харж буйгаар IT салбар дахь дэлхийн болон манай улсын чиг хандлага ямар байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар дэлхийд IT-ийн компаниуд ноёрхлоо тогтоочихсон байгааг бүгд харж байгаа. Та бидний хамгийн сайн мэдэх  Google, Facebook, Amazon, Apple нь бүгд IT-ийн компани. Учир нь мэдээллийн технологийн салбар нь хүний өдөр тутмын амьдралд гардаг олон асуудлуудыг шийдэж байгаа учраас энэхүү салбар хүн төрөлхтөнд чухал нөлөөтэй болж хувирч байна. 

Монгол Улсын хувьд ч сүүлийн жилүүдэд мэдээлэл технологийн салбар урьд өмнөхөөсөө илүү идэвхжиж байна. Үүнийгээ дагаад хөгжүүлэгчид болон UX/UI дизайнеруудын хэрэгцээ шаардлага жил ирэх тусам өндөр болж байна. Иймд эдгээр мэргэжилтнийг олноор бэлтгэх хэрэгцээ шаардлага байгаа юм. 

- Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай IT инженерүүдийг хэрхэн бэлтгэж гаргана гэж үзэж байгаа вэ? Мөн мэргэжлээ солиод тус салбарт ажиллахаар сонирхож байгаа хүмүүс маш их байна. Энэ хүмүүст ямар боломж байна вэ? 

Судалгаагаар нийт эрэлтийн дөнгөж 25 хувь л хангагдаж байгаа гэж гарч байгаа. Энэ нь эрэлт өндөр байгааг харуулж байгаагаас гадна ур чадвартай инженерүүдийг богино хугацаанд олноор бэлтгэх хэрэгцээ шаардлага байгааг мөн илэрхийлж байгаа юм. 

Жишээ нь Nest Academy-д 8 сар суралцаад л компаниудад цалинтай дадлага хийх боломжийг олгож байгаа ба дараагийн шатандаа суралцаад төгсөхөд дэлхийн ТОП компаниудад үнэлэгдэх хэмжээний инженер болгон бэлтгэж байна. Ингээд харвал дотоодын компаниуд маань дэлхийд үнэлэгдэх инженерүүдийг ажиллуулж байна гэхэд болно.

- Та Nest Academy-ийг чадварлаг инженерүүдийг бэлтгэн гаргадаг гэж хэллээ. Харин энэ ярилцлагыг уншиж буй залуус технологийн салбарт ажиллахын тулд дипломгүйгээр тухайн хүнийг яаж үнэлэх вэ гэдгийг гайхах байх гэж бодож байна?

Nest Academy-ийн сурагчид суралцаж байх хугацаандаа манай компаниудад дадлага хийдэг. Энэ хугацаанд бид тухайн инженерийн чадварыг сайтар дүгнэж харж чаддаг. Мөн хоёрдугаар шатдаа сурангаа дадлагаа хийх боломжийг олгохоос гадна төгсөх үед нь ажлын урилга өгдөг. 

Ер нь IT-ийн салбар нь өөрөө аливаа хүнийг практик дээр үндэслэж дүгнэдэг. Тухайн хүн хэр сайн хийж гүйцэтгэнэ - түүнийг нь үнэлэх учраас хамгийн шударга салбар гэж хэлж болно. Сайн дүнтэй дипломтой төгсөгч  ажилд ороход онолоо сайн мэддэг хэдий ч бодит туршлагагүй байх тохиолдол бий. IT-ийн салбарт сурч эхэлсэн эхний өдрөөсөө практик дээр ажиллаж, бүтээгч болж эхэлнэ гэж ойлгож болно. 

Энэ ташрамд хэлэхэд, Tesla, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч Elon Musk компаниудад нь ажиллахад ахлах сургуулиа төгссөн байх ч шаардлагагүй гэж Twitter дээр хэд хэд жиргэсэн удаатай. 

- Ер нь технологийн салбарт ажиллахад аливаа суурь шаардлага байдаг уу? Nest Academy-ийг төгсөөд ажилд орсон тохиолдлууд хэр олон байна вэ? 

Мэдээллийн технологийн салбарт ажиллахад тухайн хүний нас, хүйс, өмнөх мэргэжил үл хамаардаг тул ур чадвартай л байвал найман настай балчраас 80 настай буурал хүртэл ажиллах давуу талтай байдаг. 

Nest Academy-ийн хувьд төгсөгчид нь бүгд ажилд орсон гэх 100 хувийн статистиктай байгаа. Тухайлбал Shoppy, Intelmind, UBCab гэх мэт компанид ажиллаад явж байгаа жишээ маш олон бий. 

- Хэрэв боломжтой бол энэ салбарт ажиллагсдын дундаж цалин хэд байдаг талаар мэдээлэл өгнө үү?

Нарийн тоо байхгүй ч Монгол Улсын хувьд инженерүүд маань ур чадвараасаа шалтгаалаад сарын 2-10 сая төгрөгний цалин авч байна. АНУ-ын хувьд жилд дунджаар 120 мянган ам.долларын цалин авч байгаа нь бусад мэргэжилтэй харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Цаашид ч техник технологи хөгжихийн зэрэгцээ цалин урамшуулал улам өсөх үзүүлэлттэй байгаа юм. 

- Ярилцсанд тань баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.