Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхтуяа: Simple хүний нөөц болон технологийн чадварлаг бааз суурьтай байсан учраас ХБҮЦ гаргахад хамтарч ажилласан

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнө долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл дээр рекорд тогтоосон нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал, М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай Simple аппликэйшн ₮50 тэрбумын үнийн дүнтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааг Даваа гарагт эхлүүлж ердөө хоёр өдрийн дотор амжилттай татан төвлөрүүлж чадсан юм.

Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргахад андеррайтераар “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК хамтран ажилласан талаар бид өмнө мэдээлсэн. 

Иймд “Мандал”-ын Дэд захирал М.Мөнхтуяатай манай улсын хөрөнгийн зах зээлийн хөрөнгө босголтын түүх, энэ цаг үед ямар бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийвэл болох талаар ярилцлаа.



- Simple ХБҮЦ Хоёр өдрийн дотор 254 хөрөнгө оруулагч оролцож, амжилттайгаар 50 тэрбум төгрөг татан төвлөрүүллээ. Энэ талаар яриагаа эхэлье?

- Сайн байна уу. Simple хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хоёр өдрийн дотор хаагдсан нь хөрөнгийн зах зээлд шинэ рекорд тогтоолоо. Өмнө нь өндөр дүнтэй хөрөнгө оруулалт татаж байсан ч, Simple нь маш богино хугацаанд буюу хоёр өдөрт амжилттай хаагдсанаараа онцлогтой.

- Хүлээлтээс зах зээлийн эрэлт нь хэр байсан бэ?

- Андеррайтер компаниуд зах зээлд үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татахаас өмнө урьдчилж хөрөнгө оруулагчидтай холбогдож, тэдгээрийн эрэлтийг тодорхойлдог. Үүнийг олон улсад book building гэж нэрлэдэг. Бид үнэт цаасыг зах зээлд санал болгохоос өмнө бүтээгдэхүүнийг сонирхох зорилтод хөрөнгө оруулагчдыг тодорхойлж, тэдэнтэй ярилцаж төлөвлөсний үндсэн дээр гаргасан тул бүтээгдэхүүнийг гаргасан нь богино хугацаанд амжилттай явагдах үндэс болсон. Нөгөө талаас, жижиг хөрөнгө оруулагчдын хувьд тогтмол өгөөжтэй, найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа нь анзаарагдсан.

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь үнэт цаас гаргагч компанийн хувьд ирээдүйд орж ирэх нь тодорхой мөнгөн урсгалтай хөрөнгийг барьцаалж, санхүүжилт татах бүтээгдэхүүн. Нөгөө талаас, хөрөнгө оруулагчийн хувьд хадгаламж, бонд шиг тогтмол өгөөж өгөх, эрсдэл бага байхаар бүтэцлэгдсэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Үүнд үнэт цаасны төлөлт хийх мөнгөн урсгал нь тодорхой, тогтмол өгөөжтэй, эрсдэл бага гэсэн гурван зүйл ажиглагдсан байх.

  1. Хөрөнгө оруулагчдын хувьд хаанаас үнэт цаасны төлөлт хийгдэх нь тодорхой байдаг. Simple-н жишээгээр авч үзэхэд хамгийн том хөрөнгө нь зээлийн багц. Зээлийн багц ямар онцлогтой вэ гэхээр гэрээний дагуу ирээдүйд орж ирэх орлого нь тодорхой байдаг. Тус орлого хуваарийн дагуу орж ирэхэд үнэт цаасны төлөлт хийгдэнэ гэсэн үг. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулагчдад тодорхой байдал, нөгөө талаас компанид уян хатан нөхцөлийг бий болгодгоороо давуу талтай.
  2. Энэ бүтээгдэхүүн нь тогтмол өгөөжтэй. Simple-н хувьд улирал тутам хүүний орлого өгөх нөхцөлтэй. Дээрээс нь тус орлогоос суутгах татвар нь хадгаламж, хаалттай бондтой харьцуулахад 2 дахин бага буюу 5 хувь. Ингээд үзэхээр өгөөж болон татварын түвшинд бусад бүтээгдэхүүнтэй харьцуулагдахуйц байгаа юм.
  3. Эрсдэл бага байдаг. ХБҮЦ-ыг Simple гаргах биш зээлийн багцыг шилжүүлэн авсан тусгай зориулалтын компани гаргадаг. Энэ компани нь зөвхөн үнэт цаас гаргах л тусгай зөвшөөрөлтэй, өөр үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах ямар ч боломжгүй. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй Хөрөнгө итгэмжлэгч удирдагч хэмээх гуравдагч компани удирддаг. Энэ нь өөрөө хяналтын тогтолцоог сайжруулж, барьцаалсан хөрөнгө болох зээлийн багцын орлогыг бусад зориулалтаар зарцуулагдахаас хамгаалсан тогтолцоо юм. 

- Та бүхний хувьд Simple-г сонгох шалтгаан юу байсан бэ?

- Өмнө хэлсэнчлэн андеррайтераар ажиллах төслүүдийг бид тодорхой шалгуурын дагуу сонгодог. Simple-г сонгосон шалтгаан нь нэгт энэхүү компанийн өнгөрсөн хугацаанд бий болгосон үсрэнгүй амжилт байсан. Ганцхан жилийн дотор тус компани 70 мянга гаруй хэрэглэгчийг нэгтгэж, дижитал зээлийн салбарт тэргүүлэгч болж чадсан. Гол хөрөнгө болох зээлийн багцыг нь харахад л чанаргүй зээл нь нийт багцын 1.6 хувийг эзэлдэг, салбарын дунджаас 4.5 дахин бага буюу зээлийн чанар сайн, дундаж үлдэгдэл нь гурван сая төгрөг орчим буюу олон тооны харилцагчдад бага дүнтэй зээл олгосон нь төвлөрлийн эрсдэлийг бууруулж, үр ашигтай ажилласныг илтгэсэн.

Цаашид энэ компани зах зээлд түүчээлэгч хэвээр өргөжих боломжтой нь ажиглагдсан. Тодруулбал, үйл ажиллагаанд ашигладаг систем нь гэхэд топ арилжааны банкуудын ашигладаг банкны кор үндсэн системтэй ижил, олон улсын банкны системд суурилсан цорын ганц ББСБ байсан. Үүнээс гадна хүний нөөц, технологийн чадварлаг бааз суурьтай компани байсан.

- Энэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний өгөөжийг улирал тутамд хүртэх боломжтой нь давуу талтай санагдсан? 

- Хөрөнгө оруулагчдын хувьд үнэхээр том давуу тал. Та өнөөдөр өөрийн урдах зүйлээ хийж байхад л улирал тутам хүүгийн орлого таны дансанд орно гэсэн үг. Үүнийгээ дахин хөрөнгө оруулбал өгөөж бүр өсөх боломжтой. Жишээ нь, Simple-н хувьд нэг сая төгрөгөөр хөрөнгө орууллаа гэж бодоход улирал бүр татварын дараах байдлаар 35,625 мянган төгрөгийг авна. Татварын дараах байдлаар 14.25 хувийн өгөөжтэй гэсэн үг. Жилийн дараа гэхэд 1,425,000 төгрөгийг авна.

Үүнийгээ хугацаатай хадгаламжид байршууллаа гэж бодъё. Өнөөдрийн байдлаар топ-5 банкны хадгаламжийн хамгийн өндөр хүү 10 хувь, татварын дараахаар 9 хувь байна. Ингэхэд жилийн дараа л 1,090,000 төгрөгийг авч байгаа юм. Үүнээс дүгнэхэд, илүү уян хатан нөхцөлтэй, илүү өндөр өгөөжтэй нь харагдаж буй болов уу.

- Simple ХБҮЦ-ны анхдагч арилжаанаас хоцорсон, оролцож хараахан амжаагүй хүмүүс одоо авах боломжтой юу?

- Боломжтой. Үүнийг бид хоёрдогч зах зээлийн арилжаа гэдэг. Энэ бүтээгдэхүүн Монголын Хөрөнгийн Бирж дээр хугацаа дуусах хүртэл буюу 2023 оны 12-р сар хүртэл арилжаалагдана.

Нэг зүйлийг дурдахад, өдийг хүртэл тогтмол өгөөжтэй үнэт цаас буюу бонд, ХБҮЦ-ны арилжаа хоёрдогч зах зээлд хангалттай явагдаагүй. Энэ нь хөрөнгө оруулагчид хугацаа дуусах хүртэл эзэмшиж, зарах сонирхолгүй байдагтай холбоотой. ХБҮЦ-ны хувьд л гэхэд 2021, 2022 онд нийт есөн тэрбум төгрөгийн хоёр бүтээгдэхүүн гарсан боловч 600 орчим сая төгрөгийн л арилжаа хоёрдогч зах зээлд хийгдсэн.

Олон улсад уг нь тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагчид байнга авч зарж, үнэ өгөөж нь хувьцаа шиг хөдөлж байдаг. Мандал-ын хувьд хоёрдогч зах зээлийн арилжааг дэмжих, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад сайн бүтээгдэхүүнийг хүссэн хугацаанд авах боломжийг бүрдүүлэхийн тулд тодорхой хэмжээнд өөрсдөө худалдаж авсан. Үүнийг бид хоёрдогч зах зээлийг үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ашиглана. Иймд Simple-д хөрөнгө оруулахыг сонирхож буй хүмүүс хүссэн хугацаандаа Мандал Капитал Маркетс ҮЦК руу холбогдоод хөрөнгө оруулах боломжтой.

"ЭНЭ ЦАГ ҮЕ БОЛ ТОГТМОЛ ӨГӨӨЖТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ҮЕ"

- Өөрөөс тань асуухыг хүсэж байгаа нэг асуулт байна. Сая ковидын үеэр зарим хүн койн руу хөрөнгө оруулалт хийлээ. Зарим нь үл хөдлөх руу, зарим нь хувьцаа руу хийлээ. Тэгвэл яг одоо бид ямар хөрөнгө оруулалт хийвэл зүгээр вэ?

- Хөрөнгө оруулалт гэхээс илүү мөнгөө хаана байршуулах вэ гэвэл хүнд ойр байх болов уу. Манайхан хөрөнгө оруулалт гэхээр их том, хол зүйл шиг төсөөлдөг. Энэ ердөөсөө л мөнгөө өгөөж олох зүйл рүү байршуулахыг хэлж байгаа юм. Мөнгөө хаана байршуулахыг шийдэхийн тулд эхлээд суурь орчноо тодорхой хэмжээнд ойлгох хэрэгтэй. Өнөөдөр дотоодын ч тэр, олон улсын ч тэр эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн орчин маш тогтворгүй байна. Хөрөнгийн зах зээл өөрөө эдийн засгийн нөхцөл байдлын тусгал нь болдог.

Эдийн засагт юу болоод байна вэ гэвэл нэгт, инфляц өндөр байна. Өндөр инфляц хөрөнгө оруулагчийн бодит өгөөжийг бууруулдаг. Жишээ нь, хадгаламжаар авч үзэхэд өнөөдөр улсын инфляц 15 хувь байхад хадгаламжид 10 хувиар мөнгө байршуулбал мөнгөний үнэ цэн унаж, хөрөнгө оруулагчид ямар ч өгөөжгүй болж байна гэсэн үг. Иймд дор хаяж 15 хувиас дээш өгөөж өгөх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонгох шаардлагатай.

Хоёрт, инфляцтай тэмцэхийн тулд төв банкууд мөнгөний хумих бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүг өсгөж байна. Энэ нь зах зээл дэх хүү, шаардаж буй өгөөжийг өсгөснөөр бондын өгөөж өсөж, хөрөнгө оруулагчид хувьцааны хөрөнгө оруулалтаас бондын хөрөнгө оруулалт руу шилждэг. Улмаар хувьцааны зах зээлд уналт үүсдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гэхэд оны эхнээс хойш 23 хувиар, олон улсын топ-500 компанийн хувьцааны хөдөлгөөнийг харуулдаг S&P 500 индекс гэхэд 18 хувиар уналаа. Гэтэл мөнгөний хумих бодлого үүгээр дуусаж байна уу гэвэл үгүй. 2022 оны төгсгөл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд зах зээл тогтворгүй энэ үед хөрөнгө оруулагчид инфляцаас хамгаалах найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох тогтмол өгөөжтэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, таваарын бүтээгдэхүүн лүү хөрөнгө оруулах хэрэгтэй. 2008 оны санхүүгийн хямралаар жишээ авахад л бондын өгөөж хувьцаанаас давж байсан түүхтэй.

Койн дээр манайхан сая эрсдэл даах чадвар, арын баталгааг нь харах зэргээс эхлээд том сургамж авсан болов уу. Инфляцаас хамгаалах зорилгоор үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулж болно. Гэхдээ одоогийн эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн худалдан авах чадвар буурч буй нөхцөлд үл хөдлөхийн эрэлт хумигдах тул хөрвөх чадвар муудна.

Иймд манай нөхцөл байдал руу буулгахад тогтмол өгөөжтэй найдвартай бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасанд мөнгөө байршуулах нь хамгийн зөв сонголт юм.

- Эцэст нь мөнгөө байршуулах бол юуг анхаарах ёстой талаар зөвлөөч?

- Нэгт, багц бүрдүүлэх нь чухал. Зөвхөн бүтээгдэхүүнээр гэлтгүй, хөрөнгө оруулж буй салбараар төрөлжүүлэх хэрэгтэй. Бонд руу хийе гээд дурын бонд авах биш. Аль салбарын компанийн бонд авахаа бас төрөлжүүлэх хэрэгтэй. Жишээ нь, эдийн засгаас шууд хамааралтай салбарт тэр чигт нь хөрөнгө оруулбал таны эрсдэл өснө. Ялангуяа барилгын төсөлд хөрөнгө оруулахдаа одоо анхааралтай байх цаг.

Хоёрт, зан төлөвөө тодорхойлох хэрэгтэй. Хүн бүрийн эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй харилцан адилгүй. Бодит байдал дээр хөрөнгийн зах зээл зөвхөн тоо биш сэтгэл зүйгээс асар өндөр хамааралтай оршдог. Манай компанийн хувьд л гэхэд харилцагч бүрээс зан төлөвийн тест авсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын багц санал болгодог.

Гуравт, мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Сууриа зөв тавих нь чухал. Түүнээс биш өнөөдөр миний мөнгө үнэгүйдэж байгаа юм байна, аль өндөр өгөөж өгч байгаа руу нь оруулчихъя гэж харах нь буруу. Өгөөж эрсдэл хоёр бол хоорондоо салшгүй зүйлс. 1-2 хувиар өндөр өгөөж авахын тулд 100 хувийн эрсдэл үүрэх хэрэггүй. Үүнийг тодорхойлохын тулд мэргэжлийн хүмүүстэй уулзаж зөвлөлдөх хэрэгтэй.

- Simple үнэт цаасыг авъя гэвэл яаж холбоо барих вэ?

- Мандал Капитал Маркетс ҮЦК-тай 7575-9911, 8875-5251, 8875-5451 дугаараар холбогдох боломжтой. Манай оффис Меру Тауэрийн 6 давхарт байрладаг. Энд хүрч ирээд биечилсэн хөрөнгө оруулалтын зөвлөгөөг үнэ төлбөргүй, хүссэн хугацаанд мөн авах боломжтой.

- Ярилцсанд баярлалаа.