Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа “40 мянган тонн түлш нөөцлөх ажил хийж байна. Гурван шугам ажиллаж, бусад нь засвартай байгаа. 500 хүнтэйгээр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна” хэмээн мэдээлэл өгөв.

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна

Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Иргэдийг аялж, амьдрахад тав тухтай нөхцөлөөр хангахын тулд, төрийн үйлчилгээ хүргэхийн тулд хашаа, хайсыг буулгах шаардлагатай байна. Түймэр гарах, онцгой байдал үүслээ гэхэд машин явах орц, гарц байхгүй. Холбогдох байгууллагуудаас санал гарч, нэгдсэн төлөвлөгөө гаргана. Өдөрт 5-6 машин яваад ч хогийг ачиж дийлэхгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт голд боогдсон хоёр дуудлага ирсэн. Иргэдээ аврахын тулд машин гаргахаас аргагүй. Гэтэл Хэмнэлтийн хууль гарчихсан байхад зардлаа хэмнэсэнгүй гэдэг. Иргэдэд ойлгуулахыг  хичээдэг ч үл ойшоох хандлага гардаг. Хог хаясан хүнд торгууль тавьж болдоггүй, ямар байгууллага, хэн тавих нь тодорхойгүй. Үүнийг цэгцлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна” хэмээлээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжаар баталсан хийх ажлын жагсаалтыг холбогдох байгууллагууд заалт тус бүрээр хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов.

  • Нийслэлийн 2022 оны төсвийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн “Цахим шилжилт”-ийн нэгдсэн төсөл, арга хэмжээний төлөвлөгөөнд дүүрэг, агентлаг, харьяа байгууллагууд саналаа өгч, тэдгээр саналыг нэгтгэн боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.  
  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/851 дүгээр захирамжаар Хотын стандартыг мөрдүүлэх бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хотын стандартыг мөрдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг сайтар зохион байгуулж ажиллах.
  • 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг, төсөв, ажлын даалгавар, боловсруулахдаа хотын стандартын хэм хэмжээг тусгах, мөрдүүлж ажиллах.
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Гамшиг ослын болон гол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэл, цэвэрлэгээний ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
  • Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, тохижилтод анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлуудаа шуурхай зохион байгуулж ажиллах.