Уншиж байна ...

Ши Жиньпин цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаагаа Хятадын эх газраас гадагш айлчлах гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин ирэх долоо хоногт Хонконгийг эх газарт нэгтгэсний 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор болсныг тус улсын төрийн төв хэвлэл Бямба гарагт мэдээлжээ.

Тэрбээр цар тахал эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл ганц ч удаа Хятадын эх газраас гадагш гараагүй байгаа юм.

“Хонконгийг эх оронд нь буцаан нэгтгэсний 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны тусгай бүсийн зургаа дахь захирагчийн тангараг өргөх ёслолд Ши Жиньпин биечлэн оролцоно” гэж Шиньхуа агентлаг мэдээлжээ.

Гэхдээ Хонконгийн засаг захиргааны хоёр өндөр албан тушаалтнаас саяхан коронавирусийн халдвар илэрсэн юм.

Тиймээс долдугаар сарын 1-ний арга хэмжээнд оролцох Ши Жиньпиний төлөвлөгөө хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байна.

Ямартай ч Хонконгийн эрх баригчид Ши Жиньпиний айлчлалд бэлдэж эхэлсэн байна. Тус хотын засаг захиргааны албан тушаалтнуудыг Пүрэв гарагаас эхлэн олон нийтээс тусгаарлажээ.

Тэднийг зөвхөн гэр ажлынх нь хооронд зорчуулахдаа тусгай автомашинаар үйлчилж, баярын өмнөх шөнө зочид буудалд тусгаарлан хонуулахаар болсон байна.

Бас өдөр бүр тэднээс коронавирусийн шинжилгээг авахаар болжээ. Хэдийгээр Хонконгийн вакцинжуулалтын хувь өндөр, өвчлөл буурч байгаа ч эх газрын Хятадын нэгэн адил “тэг Ковид” хатуу бодлогыг тууштай баримталж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN