Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегийн нийслэлд гарсан зэвсэгт халдлагыг цагдаа нар “Исламын терроризм” гэж дүгнэжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн шөнө Норвегийн нийслэл Осло хотод гарсан зэвсэгт халдлагын үеэр хоёр хүн алагдаж, 21 хүн шархаджээ.

Аллага тус хотын бэлгийн цөөнхийн цуглардаг Лондон Паб орчимд гарсан юм.

Хэргийн гол сэжигтэн болох Норвегийн иргэн 42 настай эрэгтэйг цагдаа нар баривчилжээ. Түүнийг Исламын шашны хэт үзэлтэн болохыг тогтоосон байна.

Сэжигтнийг энэ оны тавдугаар сард цагдаа нар саатуулан байцааж байсан ч аюул учруулаагүй гэж үзээд сулласныг Норвегийн ерөнхий сайд хэвлэлд ярьжээ.

Хэргийн газраас цагдаа нар хоёр галт зэвсэг илрүүлсний нэг нь бүрэн автомат буу байсан байна.

Шархадсан 21 хүний 10-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Хэдийгээр дахин ийм халдлага гарах магадлал бага байгаа ч Норвеги даяар терроризмын түгшүүрийн зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Жил бүр Осло хотод болдог ижил хүйстнүүд, бэлгийн цөөнхийн “Бахархал” (Pride) парад Бямба гарагт болох ёстой байсан ч цагдаагийн байгууллагын зөвлөснөөр цуцлагдсан байна.

Гэсэн хэдий ч хэдэн зуун хүн өчигдөр цагдаагийн анхааруулгыг үл хайхран Ослогийн гудамжинд жагсжээ.

 

Эх сурвалж: BBC