Уншиж байна ...

Азийн хамгийн баян хүн төрсөн өдрөөрөө $7.7 тэрбумыг нийгмийн сайн сайхны төлөө хандивлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ази тивийн хамгийн баян эрхэмд тооцогддог Энэтхэгийн бизнесмэн Гаутам Адани 60 насныхаа төрсөн өдөр 600 тэрбум рупийг ($7.7 тэрбум) нийгмийн сайн сайхны төлөө хандивлажээ.

Хандивын мөнгийг түүний Adani Foundation сан эрүүл мэнд, боловсрол, мэргэжлийн ур чадварын салбаруудад зарцуулах ажлыг хариуцах юм байна.

Их сургуулиа хаяж, өөрийн хүчээр тэрбумтан болсон Гаутам Адани өчигдөр буюу Баасан гарагт 60 нас хүрсэн юм.

Аданигийн амласан хандивын хэмжээ Билл Гэйтс, Мелинда Фрэнч Гэйтс нарын 2021 онд өөрсдийн “Bill & Melinda Gates Foundation” санд хандивласан мөнгөний бараг талтай тэнцэж байна.

Блүүмбэргийн тооцоолсноор $92 тэрбумын хөрөнгөтэй Адани зөвхөн энэ онд $15 тэрбумаар хөрөнгөө арвижуулсан юм.

“Ойрын үед бид экспертүүдийн гурван багийг урьж, хандивын мөнгийг хэрхэн дээрх гурван салбарт зохистой хуваарилах стратегийг боловсруулна” гэж Адани өчигдөр мэдэгджээ.

1988 онд Adani нэртэй жижигхэн худалдааны компани байгуулагдсан нь өнөөдөр нүүрсний арилжаа, уул уурхай, ачаа тээвэр, эрчим хүч үйлдвэрлэл, түгээлтийн томоохон групп болж өргөжжээ.

Сүүлийн жилүүдэд тус компани ногоон эрчим хүч, нисэх буудал, дата төв, цементийн бизнест анхаарал хандуулж байгаа.

Адани 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт нийт $70 тэрбумын хөрөнгө оруулж, энэ салбарын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох зорилтоо зарласан юм.

 

Эх сурвалж: Bloomberg