• 7 сарын 1, Баасан
Уншиж байна ...

Гашуунсухайт-Ганцмод боомтоор Даваа гарагаас AGV буюу соронзон зам, автомат удирдлагатай тээвэрлэгчээр нүүрс зөөнө

Д.Тэмүүлэн, ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нүүрс тээврийн хамгийн том гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтод анх удаа AGV буюу автомат удирдлагатай тээврийн технологи нэвтрүүлж буй.

Тус боомтод Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ажиллаж, AGV-ийн маршрутыг тодорхойлсон байна.

Тодруулбал, автомат удирдлагатай тээврийг хилийн зурвасаас 150 метрийн зайд хоёр гарцаар явуулахаар тогтсон. Энэ хүрээнд БНХАУ-ын инженерүүд соронзон замыг ирэх амралтын өдрүүдэд тавьж дуусгах юм байна.

Иймд ирэх Даваа гарагт автомат удирдлагатай есөн тээвэрлэгч дээрх замаар нүүрс тээвэрлэж эхлэх бөгөөд туршилтын хугацааны дараа нэгэн зэрэг 40 зам байгуулахаар ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийж байгаа аж.

Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр AGV нь нэг удаагийн тээвэрлэлтээрээ 64 тонн нүүрс тээвэрлэх чадалтай. Тиймээс уг технологийг нэвтрүүлснээр зөвхөн Гашуунсухайт боомтын экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг ирэх долоо хоногт тус технологийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлэх хэлэлцээг Хятадын талтай хийх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.