Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантөр: Эрдэнэс Монгол компанид Баянбогд хайрхны тусгай хамгаалалттай газарт хууль бус лиценз олгосныг эсэргүүцэж байна

Т.Саран, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Тус сумын Баянбогд багийн Засаг дарга Д.Гантөр "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалж Бадрах Энержи ХХК-ийн үйл ажиллагааг нэн яаралтай зогсоохыг шаардаж байна.

Мөн энэ оны гуравдугаар сарын 9-нд Эрдэнэс Монгол ХХК-д Баянбогд хайрхны тусгай хамгаалалттай газарт хайгуулын лиценз хууль бусаар олгосон гэж үзэж байна. Үүний эсрэг бид тэмцэх болно. Эдгээр шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, тав хоногийн дотор хариу өгөхийг хүсэж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол урд өмнө хэзээ ч хийж байгаагүй хурц тэмцлийг сумын иргэд хийх болно гэдгийг түмний өмнө зарлаж байна" гэв. 

Усны асуудал Улаанбадрах сумын хувьд гамшгийн хэмжээнд хүрлээ

Тус сумын иргэн "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны тавдугаар сарын 28-нд тушаал гаргасан. Бадрах Энержи ХХК-ийн ойр хавийн гүний болон хөрсний усанд шинжилгээ хийж нэр бүхий найман усыг хүн, мал уувал үхлийн аюулд хүрнэ гэсэн тогтоолоор баталсан юм. Гэвч хоёр жилийн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй. Цагаан эрэг, Наймаа, Баруунбаян зэрэг ус нь уран болон хүнцэл хүнд металл цацраг нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 22-92 дахин их гэж тогтоогдсон. Тухайн орон нутагт байгаа хүн, мал, хөрс, ургамал маш ихээр хохирч байна. 

Хамгийн сүүлд гэхэд 2022 оны гуравдугаар сарын 6-нд Улаанбадрах сумаас 30 гаруйхан км-т амьдарч буй айлд ямар ч үсгүй нүцгэн ишиг гарсан. Өглөө ус уусан есөн үхэр газар дээрээ үхсэн. Усны төв лаборатори доромжилж байгаа юм шиг хариу өгдөг. Энэ оны тавдугаар сард малчны хотонд амьгүй голоороо нугаларсан ботго төрсөн. Улсын төв лаборатори руу шинжилгээнд явуулахад нь хариу нь механик гэмтэл гэж гарч байгаа юм. 

Энэ нь гүний усанд 45 нэр төрлийн химийн бодис шахсантай шууд холбоотой. Улаанбадрах суманд одоо хатуулаггүй, амны ус гэж байхгүй. Цэвүү-1, 2 нэртэй газрын усанд 2020 онд хэмжилт хийхэд хатуулгын хэмжээ 6.75 гарсан. Зөвшөөрөгдөх хэмжээ гурван бүхэл байдаг. Энэ жил 8.83 гарсан. 

Улаанбадрах сумын 1,500 иргэний эрх усан дээр зөрчигдөж байна. Сумын төвийн иргэдийн уудаг усанд ураны агууламж гурав дахин их гарсан. Бид уусаар үхсээр байна. Бадрах Энержи ХХК-тай холбоотой усны асуудал Улаанбадрах сумын хувьд гамшгийн хэмжээнд хүрлээ" гэлээ.