• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

Инстаграм хэрэглэгчдийнхээ насыг хиймэл оюуны системийн тусламжтай шалгадаг болох гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформ Инстаграм хэрэглэгчдийнхээ насыг хиймэл оюуны системийн тусламжтай шалгах туршилтыг АНУ-д эхлүүлж байгаагаа өчигдөр зарлажээ.

Насанд хүрээгүй хүмүүс сошиал сүлжээнээс садар самуун, хүчирхийллийн агуулгатай материалд хандах боломжтой байдаг нь дэлхийн орон орны хууль тогтоогчдын санааг зовоосон асуудал юм.

Туршилтын хүрээнд Инстаграм платформыг эзэмшигч Мета компани насаа 18-аас доош болон дээш болгон өөрчлөх гэж оролдсон хэрэглэгч бүрээсээ видео селфи илгээхийг шаардах юм байна.

Ингээд хүлээж авсан селфигээ Их Британийн хиймэл оюуны хөгжүүлэлтийн Yoti компанид өгч шалгуулах ажээ. Yoti компанийн систем селфи видео бичлэгийг шинжлээд тухайн хэрэглэгч насаа зөв тодорхойлсон эсэхийг үнэлэх юм байна.

Ингэж насыг нь шалгасны дараа илгээсэн селфийг платформ дээрээсээ устгахыг Мета, Yoti компаниуд амлажээ.

Гэхдээ Yoti компанийн систем охид, бүсгүйчүүд болон бараан өнгийн арьстай хүний насыг тооцоолохдоо муу ажилладаг гэсэн мэдээлэл тус компанийн бүтээгдэхүүний танилцуулгад дурдагдсан байна.

 

Эх сурвалж: AFP