• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

Орос цэргүүдийн хүчингийн хэрэгтэй холбоотой анхны шүүх хурал өнөөдөр Украинд зохион байгуулагдана

Т.Давааням, ikon.mn
2022 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Украин улсад хүчингийн хэрэг үйлдсэн Оросын цэргийн алба хаагчийн шүүх хурлыг анх удаа зохион байгуулахаар товложээ.

32 настай сэжигтэн Михаил Романовыг Украины хуулийнхан баривчлаагүй байгаа тул шүүх хурал түүний эзгүйд явагдах юм байна.

Романов нь өөр нэг цэргийн хамт гуравдугаар сарын 9-ний өдөр Киев орчмын Богдановка тосгоны оршин суугч эрэгтэйг буудаж алаад 33 настай эхнэрийг нь удаа дараа хүчиндэж байжээ.

Хэрэг үйлдсэн хоёр дахь цэрэг хэн болохыг шүүхийн бичиг баримтад дурдаагүй байна.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш 50 орчим хүчингийн хэрэг гарсныг Украины мөрдөгчид тогтоогоод байгаа аж. Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй өндөр, хохирогчид нь ил гарахаас янз бүрийн шалтгаанаар болгоомжилж байгаа гэж хуулийнхан болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна. Дайны гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдэж буй Оросын цэргийн хэдэн мянган алба хаагчийн заримыг олзолсон, зарим нь ОХУ-д байгааг Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters