• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

"Краныг налуу, овгор шороотой газар байрлуулсны улмаас ачаа өргөх үед суурь нь 50 см орчим гулссан байсан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Барилгын крантай холбоотой асуудлаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар /МХЕГ/-аас мэдээлэл хийсэн.

Өчигдөр осол гарах үеэр кран ачаагаа өргөхөд суурь нь 50 сантиметр орчим гулссан байсан гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.

Тэрбээр "Улсын хэмжээнд 17,000 орчим өргөх байгууламж буюу цамхагт кран, гүүрэн кран, өөрөө явагч кран, авто кран бүртгэлтэй байдаг. Үүнээс 14,000 орчим нь идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг Барилга, хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авсан 200 аж ахуйн нэгж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 100 орчим аж ахуйн нэгж техникийн бүрэн бүтэн байдлыг нь хангуулах, хяналтыг нь тавиулах зэрэг магадлан баталгаажуулах ажлыг хийж байгаа. Түүнийг үндэслэж Мэргэжлийн хяналтын байгууллага бүртгэдэг.

Мөн үйлдвэрийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 орчим төрлийн маш олон өргүүрүүд аж ахуйн нэгж байгууллагынхаа хяналт дор явдаг.

Тэдгээр Барилгын тухай хууль болон холбогдох хуулиудад заасан есөн дүрэмд захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч нь ямар эрх үүрэгтэйг зааж өгсөн байдаг. Гэтэл осол гарсан барилгын талбайд краныг налуу, овгор шороотой газар байрлуулсны улмаас кран ачаагаа өргөхөд суурь нь 50 сантиметр орчим гулссан байгаа юм.

Тухайн компани яг ажил үйлчилгээгээ эхлээгүй байсан гэсэн мэдээлэл бий. Ер нь барилгын бэлтгэл ажлын хүрээнд ч байсан хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцагч, талбайн инженер, захиалагч, гүйцэтгэгч хяналтдаа тавьсан байж кран ачаагаа өргөх бэлэн байдлаа хангах ёстой. Энэ байдал нь хангагдаагүй байсан гэж үзэж байгаа. Хэргийн явцад илүү нарийн зүйлс нь тодорхой болох байх.

Улсын хэмжээнд энэ чиглэлийн улсын байцаагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хоёр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нэг ажилладаг. Харин орон нутагт өргөх төхөөрөмжийн байцаагч, авто тээврийн байцаагчтайгаа хавсран ажилладаг.

Бид барилгын байцаагч болон хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагч нартай ажлынхаа ачааллыг тэнцүүлэн ажиллаж байна.

Гол нь Барилгын тухай хууль болон холбогдох хуулиуд дээр заасан захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүргийг маш сайн хэрэгжүүлж, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллага хамтын ажиллагааг уялдуулах асуудал маш хурц тавигдаж буй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1936439189882312