• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

"Химийн хүнд элементүүд өндөртэй ус Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэгдэж байгаа тул өмхий үнэр гарч байгаа"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

21 дүгээр зууны нийслэлчүүд бид урин дулаан цагт өмхий үнэр дунд аж төрж байна. Дулааны улиралтай зэрэгцэн Улаанбаатар хотод үнэрийн асуудал дэгддэг ч хариуцах ёстой төрийн байгууллага "Манайд үнэр судалдаг алба байхгүй. Хаана үнэр гараад байна" гэж гүрийдэг. 

Манайх лав биш, тэднийхээс үнэртэж байгаа гэж нэгэн рүүгээ халдаана. Энэ мэтчилэн төрийн албаны хүнд суртал, ажил албаа хариуцах чин сэтгэлгүйн уршгаар жил болгон үнэрийн асуудал иргэдийн бухимдлыг төрүүлсээр байна. 

Иймээс энэ талаар холбогдох зарим газраас тодруулсан юм. 

Харьяа цэвэрлэх байгууламжийн ачаалал хэтэрсэн

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос "Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж буй харгиа цэвэрлэх байгууламжийн усны чанар стандартын шаардлага хангахгүй нийлүүлэгдэж байгаа.

Харгиа цэвэрлэх байгууламж арьс ширний үйлдвэрүүдийн усыг цэвэршүүлэх үүрэгтэй. Энэ цэвэрлэх байгууламж өөрийн ачааллаас давсан ачаалалтай ажиллаж байгаа учраас усыг бүрэн цэвэрлэж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс химийн хүнд элементүүд өндөртэй ус Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэгдэж байгаа тул өмхий үнэр гарч байгаа.

Орчны бохирдлыг бууруулах хороо Азийн Хөгжлийн Банкны тусламжтайгаар Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй усны шинжилгээг хийж байна. Тухайн бохир усны хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа учраас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, арьс ширний үйлдвэрүүдийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийн ажиллагааг бүрэн хангуулах чиглэлд ажиллаж байна.

Үйлдвэрлэлээ эрхэлж болно. Гэхдээ үйлдвэрээс гарч байгаа бохир усыг стандартад нийцүүлж Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, Ус Сувгийн Удирдах Газарт энэ асуудлыг тавьж байгаа. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооно гэдэг ч өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зүйл алга.

Засгийн газраас гаргасан арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт, Дархан руу шилжүүлэх шийдвэр хэрэгжихгүй байна" гэсэн хариултыг өглөө. 

Ихэнх ААН-д урьдчилан цэвэрлэх байгууламж алга

Төв цэвэрлэх байгууламжаас "Бид механик биологийн цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Ус нийлүүлж байгаа үйлдвэрүүдийг хаах хэрэгтэй болоод байна. Бид хааж чадахгүй, тэд хаалгахгүй учраас бохирдолтой усаа нийлүүлсээр байгаа.

Аж ахуйн нэгжүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох Засгийн газрын 73 дугаар тогтоол 2019 онд батлагдсан ч хэрэгжихгүй байна. 

Арьс шир боловсруулах 28 үйлдвэр ус нийлүүлж байгаагаас хоёр нь бүрэн, хоёр нь хагас дутуу бусдад нь урьдчилан цэвэрлэх байгууламж огт алга" гэв. 

Урьдчилан цэвэрлэх байгууламжгүй учраас хэт их бохирдолтой, химийн хүнд элементтэй усыг Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлснээс хотод өмхий үнэр гарч буйг албаныхан ийнхүү тайлбарлалаа. 

Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд стандартын шаардлага хангасан ус, химийн бохирдолгүй ус нийлүүлэх шаардлагатай. Түүнчлэн хотод тархаад буй өмхий үнэрийг арилгах талаар бие бие рүүгээ түлхэх биш бодлогын түвшинд даруй дорвитойхон ажиллах шаардлага нэн тэргүүнд тулгараад байна. 

Хэдийгээр Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлж, хоргүйжүүлэх ажил хийж байгаа ч тодорхой хэмжээнд үнэр ялгаруулж буйг өмнө нь мэдээлсэн. 

Төв цэвэрлэх байгууламж руу стандартын бус химийн хүнд элементтэй бохирдол нийлүүлэгдэж байгаагаас Улаанбаатар хотын өмхий үнэр арилахгүй байгааг холбогдох албаныхан учирлалаа.