• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...

С.Ганбаатар: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос өдөрт 40 километр замыг туулж Улаанбаатар өртөөнд ирлээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Төмөр зам дахь цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 403 километр замыг туулж өнөөдөр "Улаанбаатар өртөө"-нд ирлээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл 1,111 километр алсын зайд гүйх зорилготой аж. 

Цагдаагийн газрын ахлах ахлагч С.Ганбаатар "Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос зургаадугаар сарын 10-нд гараагаа эхэлсэн. Гүйлтийнхээ 13 дахь өдөр Улаанбаатар хотод ирээд байна. Энэ хугацаанд хад асга, намаг, гуу жалгыг өөрийн биеэр тууллаа.

Миний хувьд жилийн өмнөөс төлөвлөснийхөө дагуу гүйлтээ эхлүүлсэн. Анх гарахдаа нэлээд саад бартаа туулна гэж тооцоолсон. Өдөрт 40 километр явах болов уу гэж төлөвлөж байсан ч арай амжаагүй. Гэхдээ Дархан өнгөрөөд замд бартаа саад гайгүй болсон. Тиймээс өдөрт 40 километр явсан. Цааш Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл гүйнэ. Наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд зорьсон газартаа хүрэх төлөвлөгөөтэй байгаа.

Төмөр замыг даган өртөөлж байх хугацаандаа өглөө эрт 06:00 цагт гүйж байсан. Энэ хугацаанд бие их хөнгөн байдаг юм байна. Тиймээс өглөө эрт, цэвэр агаарт гүйхийг ард иргэддээ уриалж байна. Эрүүл мэндэд тань үнэтэй хувь нэмэр оруулна" гэлээ. 

"Нөхөр маань авто зам биш, төмөр замаа дагаад гүйж байгаа"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний гэргий Ж.Сарангарав "Нөхөр маань авто зам биш төмөр замаа дагаад гүйж байгаа. Анхандаа хол газар явахыг нь зөвшөөрөөгүй. Тиймээс ч өөрөө хамт явах хэрэгтэй гэж бодсон. Уул овоо, жалга, намаг ихтэй газар их таарсан. Иймээс араас нь машинаар явахдаа 30-40 километр тойрч байсан” хэмээн ярилаа. 

Өртөөчлөн гүйх энэ хугацаанд түүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим алба хаагч саад бартаат цэгүүдийг тодорхойлж ажиллаж байгаа гэдгийг ТЦА-аас онцолсон юм. 

Гэрэл зургийг MPA агентлаг