Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Менежментийн Форум ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Батзориг: Бид ороо бусгаа үед амьдарч байна

ikon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

- Дэлхийн улс орнуудад ковид болон геополитикийн тодорхой бус байдал хэрхэн нөлөөлж байна?

Дайны хажуугаар дажин гэдэг нь л болж байна даа. Дэлхий нийтээр 2 жил үргэлжилсэн ковидын нөлөөгөөр улс орнууд инфляцын асуудалтай нүүр тулж байв. Гэтэл нөхцөл байдал дээрдэж амжаагүй байхад ОХУ, Украины дайн дэгдлээ. Ингээд дэлхий нийтээрээ ороо бусгаа тодорхой бус орчинд амьдарч байна.

Улс орны төрийн тэргүүнүүдийн амнаас глобалчлал, нээлттэй худалдааны бодлого гэх үгс цухалзах нь багасжээ. Өөрөөр хэлбэл, бүгд амь амиа бодож эхэлж байна. Худалдааны бодлогын хувьд, бүс нутгийн орнуудтайгаа харилцах сонирхол нэмэгдэж ирлээ. Энэ нь ч ойлгомжтой мөнхийн хөршүүдээ л бодно шүү дээ. Цаашид Америк, Герман, Хятад тэргүүтэй худалдааны гурван томоохон төв бий болох төлөвтэй байна. Энэ дайнаас хамгийн их хожих нь АНУ болон Хятад улс юм. Харин хамгийн их хохирлыг Европын орнууд л үүрэхээр байна.

- Харин ковидын нөхцөл байдал хэрхэн нөлөөлж байна вэ?

Бүхий л улс орнуудад ковидоос үүдэлтэй инфляцын асуудалтай нүүр тулгарч байна. Хөгжингүй орнууд хүүгийн түвшнээ өсгөж, мөнгөний бодлогоо чангарууллаа. Яах вэ, хөгжиж буй орнуудыг бодвол хөгжингүй орнууд дархлаа сайтай.

Ковид нь хөгжиж буй орнуудад маш хүндээр тусаж байна. Нэгдүгээрт, үнийн өсөлтэй нүүр тулгарч байна. Хоёрдугаарт, өрийн дарамтад орж байна. Эдгээр орнуудын 50-с дээш хувь нь өрийн хямралд ороод эхнээсээ дампуурч байна. Шри Ланк, Эль Сальвадор гээд дуу дуугаа авалцаж байна. Манайх ер нь эд нараас нэг алхам л хойно явна. Дампуурсан улсад бослого гарч, хүмүүс дүрвэж, шатахуунгүй болж, мөнгөн тэмдэгт нь унадаг болохыг Шри Ланкийн жишээнээс харж болно.

- Монгол улс ч гэсэн Шри Ланктай ялгаагүй нөхцөлд байгаа гэж үү?

Бид ч Шри Ланк шиг нөхцөл байдалд орж байсан шүү дээ. 2016 онд валютын нөөц нь хоосорч, гадаад бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрч байсан. Азаар ОУВС-ийн хөтөлбөрт орсноор хандивлагч орнуудын мөнгө орж ирж, бондын төлбөрөө хугацааг нь сунгасан.

Манай Засгийн газрын өр ДНБ-ий 60 гаруй хувьтай тэнцэж байна. Энэ жил валютын орлого бага олж ирж байгаа үед 200 орчим сая ам.долларын Чингис бондын төлбөр төлнө. Нэмээд бондын хүүгийн төлбөр хүлээгдэж буй. Харин 2023 онд 1 тэрбум ам.доллар бонд төлөх ёстой. Үүнийг дахин санхүүжилт хийхээс өөр аргагүй.

Яах вэ бөөн л хэрэгтэй, хэрэггүй тоо яриад байдаг. Би хялбараар ойлгуулах гээд үзье. Монгол улсыг нэг өрх гэж бодъё. Тэгвэл Монгол гэх өрх саахалт айлууддаа зөндөө их өртэй. Өр төлөгдөхөөр шил шилээ дараад хүлээж байна гэсэн үг. Саахалт айлууд нь Монголыг арай муриад явчихна гэж бодохгүй. Тиймдээ ч зээлжих зэрэглэл гэх зэрэг үзүүлэлт нь хэвэндээ байгаа юм. Гэхдээ хил хаагдаж, хэдэн сар болох юм бол бидэнд дампуурахгүй гэх баталгаа байхгүй. Олон хавар нэгэндээ гэдэг шиг өрийн дунд, урт хугацааны төлөвлөгөөгүй сонгуулиас сонгууль хооронд аргалж явсаар нэг өдөр унах вий дээ.

- Өнөөдөр инфляц 15 хувьтай, валютын ханш 3100 давсан, эдийн засаг 3.8 хувийн агшилттай байна. Яагаад бид ийм байдалд хүрчхэв?

Яах вэ маш олон хүчин зүйлсийн нийлбэр л дээ. Бид маш ороо бусгаа үед амьдарч байна. Дэлхийд 100 жил тутамд цар тахал, 50 жил тутамд дайн, 5 жил тутамд хямрал тохиож байдаг. Энэ бол цикл. Ийм 3 үеийн давхцалыг өнөөгийн хүн төрөлхтөн туулж байна.

Үнийн ийм өндөр өсөлттэй хэрнээ эдийн засаг агшсан үеийг стагфляц гэдэг. Энэ үзэгдэл манайд ажиглагдаж байна. Угтаа бол иргэдийн ашиг орлого өсөх үед инфляц нэмэгдэж, улмаар түүнийг мөнгөний хатуу бодлогоор хазаарладаг.

Гэтэл өнөөдөр эдийн засаг 3.8 хувиар агшсан, инфляц өндөр үед мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гээд бодохоор үнэхээр л ороо бусгаа гэхээс өөр яах билээ. Иргэд, ААН-үүдэд маш хүндээр тусаж байна.

Нэг талдаа иргэд, ААН-үүд ашиг орлого нь агшчихсан байдаг. Гэтэл нөгөө талд нь үнийн өндөр өсөлт явагдаад байдаг. Сүүлийн 2 жил хагаст цалин, орлого 18%-р өссөн байна. Харин зарлага талдаа хүнсний ногоо +200%, махны үнэ +30%, шатахууны үнэ +38%-р тус тус өсжээ. Ингээд харахаар өрхийн орлогын өсөлт, зарлагын өсөлтийг огт гүйцэж чадахгүй байна. Иргэдийн худалдан авах чадвар огцом буурчээ.

- Ийм нөхцөлд төрийн зүгээс явуулж буй бодлого хөтөлбөрийг юу гэж үнэлж байна вэ?

Ковидын нөхцөл байдалд бусад улс орнуудын хэрэгжүүлдэг арга хэмжээг л эрх баригчид авсан. Дэлхийн банкны судалгаагаар манай улс хүн амынхаа 80 хувьд ямар нэг байдлаар халамж өгсөн үр дүн гарав. Энэ нь бүс нутагтаа хамгийн өндөр үзүүлэлт байсан. Тэгэхээр халамжийн бодлогыг хавтгайруулж олгосон нь нэг талаар нотлогдож байна. Судлаач хүнийхээ хувьд энэхүү нийтлэлдээ (https://ikon.mn/opinion/27pn) өнөөдрийн ханш, инфляцыг сануулж бичиж байв. Өнөөгийн өндөр инфляц, ханшийн уналтын голлох шалтгаануудын нэг бол төрийн зүгээс хэрэгжүүлсэн хавтгайрсан халамжийн бодлого яалт ч үгүй мөн.

Гадаад худалдааны бодлого дээр ч тэр хангалттай байсан гэж хэлж чадахгүй. Мэдээж энд суугаад шүүмжлэх амархан байх. Гэхдээ бид наад захын зүйлээ хийж чадахаа байсан байна шүү дээ. Гааль дээр үүссэн тэр олон оочир, хээл хахуулийн асуудлыг ухвал далай. Тээвэрлэлтийн зардал л гэхэд 40 дахин өслөө шүү дээ. Энэ бол төрийн чадавх, чадамж хэр хэмжээнд суларсныг харуулж байна.

Түүнчлэн яг ийм эгзэгтэй үед Далай ламтай холбоотой асуудал ч тэр хил, гаалийн гацаанд нөлөөлж байгаа нь тодорхой юм. Би яах вэ, улс төрийн тийм мэргэжилтэн энэ тэр биш л дээ. Гэвч ОХУ, Украины дайнаас шалтгаалж Хятадын дотоодын асуудал их байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Тиймээс Хятадын зүгээс энэ төрлийн нүүдэл хийж сануулж байгааг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр, Хятадын тэг ковид бодлого манай экспортын гарцад нөлөөлж байна. Энэ жил намын их хурал нь болох Хятад улсын эрх баригчид ТЭГ ковид гэх бодлогоо зогсоох нь улс төрийн шийдвэрийн хувьд ухралт мөнөөс мөн. Тэгэхээр 9 сар хүртэл энэ бодлогын нөлөө нь манай улсын хилийн асуудалд нөлөөлөх нь дамжиггүй.

- Төмөр зам удахгүй ашиглалтад ороод эдийн засагт сэргэлт авч ирэх юм биш үү?

Төмөр зам хэрэгтэй гэдгийг бид ковидын эдгээр жилүүдэд мэдэрлээ. Төмөр замын гүйцэтгэл өндөр хувьтай явж байгаа ч энэ бол өргөн, нарийн царигтай холбоотой терминал барих асуудал үүсэж байна. Хальт сонсох нь ээ, өртөг нь 300 орчим сая ам.доллар. Тэгэхээр тус терминалыг барих, Хятадын талтай зөвшилцөх гэсээр сонгуулийн нүүр үзэх болов уу. Магадгүй сонгуулийн яг үеэр бид төмөр замаар нүүрсээ гаргаж байна гэх рекламыг та бид үзээд сууж байх болов уу. Юутай ч богино хугацаанд эдийн засагт үр нөлөөгөө өгч чадахгүй нь тодорхой байна.

Түүнчлэн төмөр замын чингэлгийн тоо хязгаартай. Тэрхүү чингэлгийг Монголын компаниуд эзэмшиж, Монголын компаниуд ашиг олох ёстой. Дотоодын орлого гэдэг бол дотооддоо шингэдэг, дотоодын ажиллах хүчний цалинг өсгөдөг гэдгээрээ онцлог. Гэхдээ ч энэ тухай ярих эрт байна.

- Нөхцөл байдал ер нь хүнд байгааг хэн хүнгүй л ойлгож, мэдэрч байна. Ер нь Монголын эдийн засагт гэрэл гэгээтэй зүйлс харагдах нь уу?

Ойрын хугацаанд хилийн асуудал шийдэгдвэл нүүрсний экспорт нэмэгдэж сэргэлт бий болно. Энэ жилдээ бол эдийн засаг өсөлттэй гарах эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа уул уурхай болон түүнийг дагадаг тээвэр, худалдааны салбарт хүнд тусна. Харин үйлчилгээ, ХАА-н салбарт тодорхой өсөлтүүд бий болох болов уу. Оны төгсгөлд инфляц 2 оронтой тоонд хадгалагдаж, хүүгийн түвшин ч +1,2 нэгж хувиар өсөх биз. Харин ам.долларын ханшид ирэх дарамт л нэмэгдэх хүлээлттэй байна. Магадгүй хамгийн ойр, нааштай мэдээ нь 23 оны төгсгөлд ОТ-н далд уурхайн үйлдвэрлэл эхэлнэ. Энэ нөхцөл байдал л бидэнд эергээр нөлөөлөх болов уу гэж харж байна.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Танд ч бас баярлалаа